Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна. Шинэ он гараад удаагүй байна. Та бүхэндээ манай “Шинэ жилийн багт наадам” хөгжмийн хөтөлбөрийг сонордуулж байна.

Орос улсад Шинэ жилийн баяр нь хамгийн хөгжилтэй сайхан, урт удаан хүсэн хүлээж байдаг баярын нэг юм. Цэвэр сайхан агаарт сэвсгэр цагаан цасан ширхэгүүд эргэлдэн бүжиж, айлчлан ирсэн өвлийн улирал цонхны шилэн дээр ид шидийн хээ угалзуудаа үлдээх нь юутай сайхан! Өвөл айлчилж, дэлхий ертөнцийг өөрийн жавартай хүйтэн, шинэхэн уур амьсгаалаараа сэрээнэ.

“Оросын өвлийг үзэсгэлэн гоо бүсгүйтэй зүйрлэдэг. Энэ бол цав цагаан цас, цэв цэнхэр мөс- энэ бүгд бол өвөл цаг” билээ гэж Нина Бродская дуулж байна.
Эрт дээр үеэс өвлийн улирал Оросын бэлэг тэмдэг болж ирсэн, харин Шинэ жил бол өвлийн хамгийн чухал баяруудын нэг юм. Шинэ жилийг оросын тэсгэм хүйтний бэлэгдэл болсон Өвлийн өвгөнгүй төсөөлөхийн аргагуй юм. Урт цагаан сахалтай, гартаа ид шидийнхээ таягаа барьсан, улаан өнгийн гоёмсог дээлээ өмсөж, уутаа бэлэгээр дүүргэсэн сайхан сэтгэлт Өвлийн өвгөнийг хэн бүхэн хүлээж байдаг. Ялангуяа түүнийг хүүхэд багачууд онцгой хүлээдэг.

“Өвлийн өвгөн та бидэнд юу авчрав?” дууг оросын эстрадын нэрт дуучин Крис Кельми дуулна.

Ингэхдээ оросуудын хувьд бол “Багт наадмын шөнөгүй” Шинэ жил гэж үгүй юм. Өнгөрсөн зууны 50-иад оны үеийн энэхүү инээдмийн киног оросын кино урлагийн эрхэм дээж бүтээл гэж үздэг юм. Энэ кино бүтээл нь үнэхээр шинэ жилийн шөнө үзэхэд тохирсон, хөгжилтэй, инээдэмтэй бөгөөд киноны дуу нь бас их гоё.

“Багт наадмын шөнө” киноны хөгжмийн попуррийг “Доктор Ватсон” хамтлаг тоглохыг хүлээн авч сонсоно уу.

Бид бүгдийн шинэ итгэл найдвар, шинэ хүсэл мөрөөдлийн Шинэ он ирж байна. Хуучин он бидний уйтгар гунигийг үүрд авч явна гэдэгт итгэлтэй байна. Бид манай “Шинэ жилийн багт наадмыг”оросын эстрадын нэрт дуучин Катя Лелийн дуулсан “Шинэ он” дуугаар өндөрлөж байна. Шинэ жилийн баярын мэнд хүргье!