Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо!

“Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийнхөө хөтөлбөрийг толилуулж байна. Өнөөдөр та бүхэнд зориулан оросын агуу их хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн гайхамшигт “Щелкунчик” бүжгийн жүжгийн хөгжмөөс сонсгохоор бэлтгэлээ. 120 жилийн турш энэхүү бүжгийн жүжиг дэлхийн алдартай тайзнууд дээр тавигдсаар байна. Яагаад энэхүү жүжиг шинэ жилийн баярын бэлэг тэмдэг болсон юм бэ гэвэл, уг бүтээл маш олон шидэт явдлууд, гайхамшигт хувирлууд болон нууц адал явдлуудыг агуулдаг.

“Щелкунчик” бүжгийн жүжгийн нээлтийн тоглолт анх 1892 оны 12-р сарын 6-нд Санкт-Петербург хотын Марийны театрын тайзнаа болжээ. Уг бүтээлийн гол санааг германы зохиолч Эрнст Гофманы алдарт “Щелкунчик ба Хулганы Хаан” үлгэрээс сэдэвлэн авчээ. Үйл явдал германы нэгэн жижигхэн хотод болно. Штальбаум ноёны гэрт баярт бэлтгэцгээж байна. Шинэ жилийн баярт олон хүн уригджээ. Тансаг гацуур мод хүүхэд, томчуудад бахдал төрүүлнэ.

Шөнө дунд болж, цаг 12-ыг голлоно. Гэтэл уригдсан зочдын дунд хүүхэлдэйн мастер Дроссельмейер алга. Түүнийг танхимд орж ирэхэд, танхим дахин амилна. Өвгөн илбэчин үргэлж нэг сонирхолтой зугаатай зүйл бодож олдог. Одоо ч гэсэн тэр хүүхдүүдэд дөрвөн том хүүхэлдэй бэлэглэсэн нь, яг л амьтай юм шиг явдаг байх аж.

Ноён Штальбаумын охин, бяцхан Марид хүүхэлдэйн мастер самар хагалахад зориулсан Щелкунчик хүүхэлдэйг бэлэглэнэ. Энэхүү энгийн тоглоом охинд бусад бэлэгнүүдээс илүү их таалагдана. Гэтэл ах Фритц Маригийн хайртай тоглоомыг булаан авч, эвдэлнэ. Мари Щелкунчикийг засахыг оролдоно, дараа нь хүүхэлдэйгээ хучиж унтуулна. Зочид тарцгааж, баяр өндөрлөж, хүүхдүүдийн унтах цаг ч болжээ.

Гэтэл Маригийн нойр огт хүрсэнгүй, тэр Щелкунчикийн тухай бодсоор байна. Тэр тоглоомыг дахин нэг харахаар босч байна. Гэнэт охинд ямар нэгэн чимээ гарах шиг сонсдоно. Мари тал талаас хулганууд мярааж байхыг харна. Энэ бүхэн үнэхээрийн ид шидийн байлаа. Гацуур мод нүдэн дээр өсч томорч, бүх тоглоомнууд болон мөөхий /боов/ хүртэл амилж байлаа. Эвдэрхий Щелкунчик хүртэл амь орж байв. Энд бас хулгануудтай дайн эхэллээ. Тэд өөрсдийн хааны удирдлага дор мөөхийгээр хийсэн цэргүүдийг хялбархан цааш нь харуулж байв. Тэгтэл Щелкунчик хулгануудын эсрэг тулалдахаар төмөр цэргүүдийг толгойлон гарав. Тэд тулалдацгааж байна.

Щелкунчик хулгануудын хаантай тулалдаж байна. Щелкунчикийг хамгаалахын тулд Мари Хулганы хааны өөд гутлаа шидэж, түүнийг ална. Хулганууд ялагдана. Харин Щелкунчик сайхан хаан хүү болж хувиран, өөрийн аврагч бүсгүйд талархал илэрхийлж, түүнд хайр сэтгэлээ илчилнэ. Тэр Мариг өөрийн ид шидийн вант улсад аваачина. Гэхдээ тэнд очихын тулд тэд цасан шуургыг сөрж, бусад сорилтуудыг ч давах хэрэгтэй болно. Мари, Щелкунчик нар гар гараасаа барилцан замд гарна. Цасан охид хайртай хосуудад зориулан вальс бүжиглэнэ.

Мари, Щелкунчик хоёр зочдыг хүлээж авахад бэлэн болсон үлгэрийн Конфитюринбург хотод орж очно. Драже дагина болон Оршад хаан хүү хоёр, гоёмсог амттан болон сайхан зантай хүүхэлдэйнүүдээр хүрээлүүлэн Мари, Щелкунчик хоёрыг угтан авна.

Мариг хааны гүнж болгох ёслол болно. Эндхийн ёсоор хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн эрэлхэг зоригтой охин л гүнж болох ажээ. Драже дагина цэнгээнт бүжгийг нээнэ. Ордныхон Марид зориулж хамгийн “амттай” испан, араб, хятад болон орос бүжгүүдийг хийнэ.

Мари, Ханхүү – Щелкунчик хоёрын сүй тавих ёслол урин хавар, хайр сэтгэлийг магтан дуулах, сүр жавхлантай төгс сайхан “Цэцэгсийн вальсаар” өндөрлөнө. Алдарт “Цэцэгсийн вальс” нь Щелкунчик бүжгэн жүжгийн хамгийн гол бүжиг юм.

Эрхэм сонсогчид оо! Өнөөдөр та бүхэнд зориулж оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” үлгэрийн бүжгэн жүжгийн хөгжмөөс сонсголоо.