Хятад улсын удирдлагууд нь солигдсон нь энэ жилийн төдийгүй энэ арван жилийн гол үйл явдал боллоо. Коммунист намын дээд толгойлогчдын шинэ 5 дахь үе солигдсоныг олон шинжээчид “дөрөв дээр нэмэх нь нэг” гэж зүй ёсоор нэрлэж байна. Ийм байдлаар залгамж үе бат бэх үйлчилж байна гэдэгт анхаарал хандуулж байгаа бололтой. Хятадын коммунист намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин сэтгүүлчидэд хандаж хэлсэн анхны үгэндээ эдийн засгийн хөгжлийн чиг бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Өөрийн албан тушаалаа залгамжлуулан өгсөн Ху Зиньтао ч арван жилийн турш үүнийг давтсан юм. Хэрвээ намын урьдах удирдагч амалсан зүйлээ хэрэгжүүлж чадсан бол Си Зиньпиний хувьд амалсан бүхнээ биелүүлэж чадахгүй нөхцөл байдал тулгарч магадгүй юм.

Өнгөрч буй үед бий болгосон Хятадын эдийн засгийн хөгжлийн загвар нь үеэ өнгөөрсөн гэж шинжээчид үзэж байна. Хятадын эдийн засгийн өнөөдрийн тулгуур нь дотоодын хэрэглээг хөгжүүлэх явдал юм. Европ, Америкийн үндсэн хэрэглэгчид их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн бус нөхцөлд гадаад худалдаанд найдвар тавих нь ашиггүй гэдгийг 2008 оны хямрал харуулсан юм.

Хүн амынхаа орлогын түвшинг нэмэгдүүлэх нь зөвхөн Хятадын эдийн засгийг ч өсгөөд зогсохгүй бусад улсуудад тогтвортой байдлын баталгаа болно гэдэгт Улс төрийн судалгаа шинжилгээ, таамаглалын хүрээлэнгийн удирдагч Андрей Виноградов итгэлтэй байна: "Бүх дэлхий Хятад улсыг эдийн засгийн хөгжлийн зүтгүүр гэж үзэж байна. Хэрвээ БНХАУ-ын эдийн засаг өсвөл хямралын үед бүгдий нь дэмжих болно. Одоо тус улсын өмнө дотоодын хэрэглээ болон эдийн засгийн өсөлтийн тэнцвэрийг олж дотоод болон гадаад зах зээлд чиглүүлэх хэцүү асуудал тулгараад байна" гэж тэр ярилаа.

Хэрэглээний нөхцлийг сайжруулахын тулд улс доторх зээллэгийг хөгжүүлэх шаардлагатай гэж Хөрөнгө оруулалт санхүүгийн “Метрополь” компанийн шинжилгээний департаментийн захирал Марк Рубинштейн үзэж байна: "Банкуудыг хэрэглээний зээллэгэд урамшуулах шаардлагатай байна. Бүр албан газрын батлан даалттай зээллэгийн хагасыг нь хэрэглээний зээллэгэд шилжүүлж болох юм. Хувийн зээлдэгчдийн хүүг ч багасгах шаардлагатай болж мэднэ" гэж тэр ярилаа.

Хятадын шинэ удирдагчдаас дэлхий дахин хүлээж байгаа бас нэг алхам бол үндэсний валютаа бэхжүүлэх талаар авах арга хэмжээ юм. Тэгхэдээ энд дэлхийн зах зээлийг алдах аюул байгаа гэдгийг Марк Рубинштейн анхааруулж байна: "Энэ асуудал зөвхөн эдийн засгийн ч бус улс төрийн асуудал юм. Хэрвээ хятадын бараа гадаадад үнэтэй болвол тэдний хэрэгцээг багасгаж хятадын эдийн засгийн хөдөлгүүр болсон экспортыг хорогдуулж мэдэх юм" гэж тэр ярилаа.

“Валютын дайны” тухай хэзээч мартаж болохгүй. Хятад улс Вашингтонд зохих хэмжээний буулт хийгээд байгаа гэхдээ америкчууд тус улсаас илүү их буулт хүлээх хэрэггүй л бол уу. Экспорт унана гэдэг нь ямар аюултайг МУИС-ийн Ази,Африкийн орнуудын дээд сургуулийн багш Александр Габуев ийнхүү тайлбарлаж байна: "Экспорт бол үйлдвэрлэл нилээд гүн нягтарсан БНХАУ-ын зүүн өмнөд нутагт тус улсын иргэдийг ажлын байраар хангаж байгаа салбар юм. Хэрвээ экспорт огцом унавал тэнд нийгмийн давалгаа үүсэх юм. Энэ давалгааг яаж дарах нь ойлгомжгүй байгаа юм. Энэ талаас нь авч үзвэл хятадын удирдлага өөрийсдийгөө тааламжтай бус занганд оруулах юм. Гэхдээ байдал хэрхэн хөгжихийг бид үзэх болно. Ер нь нөхцөл байдал хүндрэлтэй юм" гэж тэр ярилаа.

Хятадын бараа Европ тивд ямар үүрэг гүйцэтгэж байгааг мартах ёсгүй, Бээжин ямар нэг асуудалтай тулгарахыг тэнд тийм их хүсэхгүй байгаа. Өнөөдөр хятадын байдал дэлхий дахиныг мөнгөний ханшны уналтаас хамгаалж байгаа гэж эдийн засагч Дмитрий Тратас үзэж байна: "Америк, европын эдийн засаг мөнгөний ханшны уналтыг хангалттай доод хэмжээнд барихад нь Хятад улс туслаж байгаа юм. Еврогийн бүсийн болон АНУ-ын санхүүгийн зохицуулагчид сүүлийн үед санхүүгийн зах зээлийг бэлэн мөнгөөр асар хүчтэй дүүргэж байсан нь нууц биш юм. Онол ёсоор бол үүнээс болж мөнгөний ханш зад тавих ёстой гэтэл ийм үйл явдал болохгүй байна. Энэ нь хятадын экспортын хямд бараанаас шууд шалтгаалж байгаа юм" гэлээ

Шинжээчдийн таамаглаж байгаагаар ойрын жилүүдэд хятадын ДНБ-ий өсөлт ойролцоогоор 7-7,5%-иар өсөөд дараа нь буурч эхлэх юм. Хятадын статистик тоо баримт бол ил тод биш, зөвхөн БНХАУ-ын удирдлагуудын зөвшөөрсөн тоог дурьддаг гэдгийг шинжээчид сануулж байна. Хятад улсад 2013 оны 3-р сард төр засгийн сэлгээ болох юм. Тэр үед Си Зиньпин БНХАУ-ын дарга болж улс орныхоо удирдлагыг гартаа авах юм. БХАТИХ-ын хаврын чуулганаар ирээдүйн нарийвчлан боловсруулсан эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулна гэж шинжээчид найдаж байна.