“Ред Вингс” компанийн Ту-204 онгоцны ослын шалтгааныг мөрдөн байцаах комисс Внуково нисэх онгоцны буудал дээр ажлаа эхэллээ. Одоогоор тогтоогоогүй шалтгааны улмаас энэ онгоц нисэх, буух талбайгаас хазайж машины зам руу гарч хэдэн хэсэг болон хуваагдсан юм. Тус хөлөгт багын 8 гишүүн байсан ба багын ахмадыг оролцуулаад 4 хүн амь насаа алдсан мөн 4 хүнийг эмнэлэгт хүргүүлсэн юм. Нэг хүний биеийн байдал хүнд байна.

Өнөө өглөө 12-р сарын 30-нд Улс хоорондын нисэх хүчний хорооны шинжээчид онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлж эхэлсэн байна. Сүйрлийн шалтгааныг тогтоох хүртэл долоо хоног болно. “Ред Вингс” компани нь оросын санхүүгийн “Үндэсний нөөцийн нэгдэлд” харьялагддаг юм. Түүний эзэн оросын тэрбумтан Александр Лебедев, амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд материаллаг тусламж үзүүлнэ гэж амлаад байна. Тэрээр өөрийнхөө Твиттер дэх микроблогтоо ингэж бичсэн байна. Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нэг сая рубль төлнө гэж Москва хотын засаг захиргаа мэдэгдээд байна.

Мөрдөн байцаагчид сүйрлийн бүхий л боломжтой шалтгаануудыг авч үзэж байна. Нэг гол хувилбар бол хүний хүчин зүйл. Гэхдээ техникийн шалтгааныг үгүйсгэхгүй. Энэ онгоцны багынхан туршлагатай хүмүүс байсан гэж ОУ-ын Тээврийн яамнаас мэдээлсэн байна. Тус онгоцны хамгийн сүүлийн техникийн үзлэгийг 12-р сарйын 14-нд хийсэн байна. Онгоцны техникийн байдалд ямарч эргэлзээ байгаагүй байна. ТУ-204 бол үнэхээр аюулгүй онгоц гэж ийм төрлийн машин үйлдвэрлэдэг “Авиастар-СП” заводын ерөнхий захирал Сергей Дементьев үзэж байна: «Мэдээж хэрэг комиссийнхон бүгдий нь тодруулна. Энэ онгоцыг 2008 онд үйлдвэрлэсэн. Заводын баталгаат дагалдах ажиллагааг бүрэн биелүүлсэн. “Авиастар” компанид 2010 онд л ирсэн байх. Миний ойлгож байгаагаар “Ред Вингс” компани үүний дараа өөрийн онгоцууддаа “Внуково” буудлаар үйлчилгээ хийлгэж байсан байх. Тэндхийн мэргэжилтнүүд нь үнэхээр мундаг тийм учраас онгоцонд ямар нэгэн техникийн гэмтэл байх ёсгүй» гэж тэр ярилаа.

Ту-204 онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэдэг Пермийн хөдөлгүүрийн заводын төлөөлөгчид, хүчний төхөөрөмжийн техникийн гэмтэл сүйрлийн шалтгаан болсон гэсэн саналыг няцааж байна. Тус заводын албан ёсны төлөөлөгч Григорий Буйлов энэ тухай ингэж ярьсан юм: «Онгоцны хүчний төхөөрөмжийн ашиглалтын бүрэн үйлчилгээг манай үйлдвэр гүйцэтгэдэг юм. Бүх ажлыг зохих зааврын дагуу хийдэг. Энэ онгоц мэдээж хэрэг хэдэн арав бүр хэдэн зуун цаг ниссэн ч байж таараа. Хөдөлгүүрийн талаар хийгдэх ёстой бүх л ажлыг гүйцэтгэсэн байгаа. Хөдөлгүүрийн ажиллагааны доголдолыг засалгүйгээр онгоцыг хөөргөнө гэж байхгүй шүү дээ. Мэдээж хэрэг бид шаардлагатай мэдээллийг өгнө. Сүйрлийн шалтгааныг тодруулахаар өөрсдийн мэргэжилтнүүдээ илгээх болно» гэлээ.

Дунд зайн Ту-204 онгоцыг бүх дэлхийд алдартай оросын “Туполев” компанид 80-аад оны төгсгөл, 90-ээд оны эхээр боловсруулсан ба 1995 оноос арилжааны үйлдвэрлэл эхэлсэн юм. Энэ онгоц 214 хүний суудалтай юм. Өнөөдрийн байдлаар яг ийм 72 машин үйлдвэрлээд байна. Эдгээр онгоцыг 2016 он хүртэл үйдвэрлэхээр төлөвлөж байсан юм.

Внуковод болсон онгоцны сүйрлээс болж “Ред Вингс”компанийн онгоцуудын нислэг болон Ту-204 төрлийн онгоцуудыг ашиглалтыг зогсоосон гэсэн мэдээллийг Росавиация компанийхан няцаасан байна.Иймэрхүү мэдээлэл нь үнэн байдалд нийцэхгүй байна гэж энэ хяналтын байгууллагын төлөөлөгч хэлсэн байна.