Дэлхий дахин сөнөөгүй.Харин энэ тухай их ярьцгааж шуугилдав. 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий дахин сөнөнө гэдэгт дэлхийн 10 оршин суугчийн нэг нь итгэжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид хүмүүс мэгдэн сандарч эмээсэн явдлаар завшиж багагүй ашиг олов.

Аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар суртчилгааны агентлагууд ба жижиг дунд үйлдвэрийн эзэд дэлхий ертөнд сөнөх таамаглалаар илүү их ашиг олсон гэж мэргэжилтнүүд тэмдэглэв. Мексик, Сальвадор хоёр улс дэлхий сөнөхийг сурталчлах тухай албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Үүний үр дүнд Майя соёл иргэншлийн өлгий нутаг урьдынхаас гурав дахин илүү олон аялагчыг хүлээж авсан юм. Олонхи компани зөвхөн тийшээ явах билет худалдаж, буцах билетийг зараагүй. Өөрөөр хэлвэл дэлхий дахин сөнөх сэдэв олон этгээдийн хувьд өөрсдийгөө аврах хэрэгсэл болсон гэж улс төрийн зөвлөгч Анатолий Вассерман тайлбарлан хэлээд

«Дэлхий дахин сөнөх тухай таамаглал «зуд болоход нохой таргална» гэгчээр олон этгээдэд ашигтай болсон. Бүр манай эрний 1000 онд дэлхий дахин сөнөх тухай цуу яриа бас тархсан билээ. Тэр үед дэлхий дахин сөнөхөд итгэсэн хүмүүсийн худалдсан эд хогшилыг хямд үнээр авсан маш олон дамын худалдаачид баяжсан» гэв.

Барилгын бизнес дэлхий дахин сөнөхийн өмнө олсон ашгийн хэр хэмжээгээр хоёрт оров. АНУ-д хоргодох байр 10 мянган доллар ба түүнээс илүү үнэтэй байсан. Орос улсад тохилог хонгилд хоргодох хүн 1000 доллар төлж байв. Үйлдвэрлэл эрхлэгчид дэлхий дахин сөнөхийн өмнө их мөнгө олсон гэдгийг хүмүүс тэр болгон сайшаан дэмжихгүй байна.

Зарим шинжээч ХХ1 зууны эхээр тархсан компьтерийн системийг тэглэхийн уршгаар нисэх онгоцууд унана гэсэн хувилбарыг санан дурдаж байна.Үүнтэй холбогдуулан даатгалын программыг зохиогчид бараг 200 сая долларын ашиг олсон билээ. Гэвч 2013 оны өмнөх бизнес эрхлэгчдийн ашиг түүнээс нэлээд бага байна гэж «Коммуникатор» бүлгийн тэргүүн Виктор Майклсон тэмдэглээд

«Дэлхий дахин сөнөх тухай таамаглал их ашиг авчирсангүй. Миний бодоход мөн таамаглал бичиж мэдээлэх ямар нэг сэдвийг үргэлж эрэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү ашигтай болсон. Дэлхий дахины сөнөл янз янзын зүйлийг санаанаас зохиох шалтаг болов. Мэдээллийн аймшигт сэдэвт шоу болсон» гэв.

Оросын эрдэмтэн Юрий Кнорозов майя хэлний нууцыг тайлж дэлхий дахин сөнөх тухай таамаглалыг дэлгэрүүлэхэд нөлөөлсэн юм. Тэрээр 2012 оны 12-р сарын 21-ний өдрийг онцлон дурдсан хуанлиг уншиж чадсан байна. Майягийн тэмдэг бүр үсэг биш үе юм гэдгийг эрдэмтэн нээжээ. Энэ нь индианчуудын бичиг үсгийг судлах асуудлаар гарсан ахиц дэвшил гэж зохиолч Олег Шишкин хэлээд

«Оросын эрдэмтэн Юрий Кнорозовын нээлт олныг гайхуулав. Кнорозовын тайлбар санаанаас зохиосон зүйл гэж америкийн эрдэмтэн Томсон үзэж, саналаа нотлохыг олон жилийн турш оролдсон билээ. Тайлбар нь зөв байна гэж оросын эрдэмтэнд хэлээрэй гэж тэрээр таалал төгсөхийнхөө өмнө өгүүлсэн» гэв.

Ойрын жилүүдэд дэлхий дахин сөнөнө гэсэн янз бүрийн таамаглалтай одоо танилцаж болно. Тухайлбал скандинавын үлгэр домгийн дагуу дэлхий сөнөх ёстой. 2014 онд Нарны систем сансрын тоосонд дарагдана. Үхэл таригч Эбола вирус 2015 онд хүн төрөлхөтнийг устгана гэж зарим эрдэмтэн үзэж байна. Эдгээр өдөр үеийг давсан хүмүүст дэлхий дахин сөнөх цаг хуваарийг үргэлж шинэчлэж байх бололтой.