Олон улсын нэрт сэтгүүлч Ким Болдохонов 30 шахам жил ИТАР-ТАСС болон орос улсын бусад ХМХ-үүдийн Монгол дахь сурвалжлагчаар ажилласан. Саяхан түүний бичиж, шинэчилсэн “Эрхэм нутгийнхан минь” номын баяр болсон. Энэ ном бол буриад үндэстэний төлөөлөгчдийн тухай юм. Зохиолч өөрөө ОХУ-ын Эрхүү мужийн Боханы уугуул иргэн.

Дэлхийд 650 мянга орчим буриад үндэстэн амьдардаг байна. Хувь тавилангийн жамаар тэд дэлхийгээр таржээ. Гэхдээ буриадын ард түмний дийлэнхи олонхи нь түүхэн эх нутаг буюу Байгал нуур орчим болон Өвөр байгальд амьдарч байгаа бөгөөд Москва, Санкт-Петербург болон Орос улсын бүс нутгуудад  цөөн тоогоор амьдарч байна.

Мөн Европ тив болон Австрали, Хятад улсуудад буриадууд амьдарч байна. Өнгөрсөн зууны 30-аад оноос өмнө Монгол улсад нилээд тооны буриадууд гэр бүлээрээ суурьших болсон юм. Монгол улсад сууршсан буриадууд болон тэдний үр садын тухай Ким Болдохонов өөрийн номондоо өгүүлэхдээ: 

«Энэ ном нь хувь заяаны эрхшээлээр Монгол улсад очиж, тус улсын иргэн болсон миний нутаг нэгтэнүүдийн тухай өгүүллүүд юм. Тэд тус улсын хөгжилд маш их зүйлийг хийсэн, хийж ч байгаа. Харамсалтай нь буриад хүний хувьд тэдний тухай Монголд болон Буриад улсад мэдэх нь бага байдаг.Миний өгүүллэгүүдийн баатрууд хэлмэгдэлтэнд өртөж байсан ба тэд шудрага бусаар мартагдсан. Гэхдээ шударга ёс нь ялах ёстой юм» гэж Ким Болдохонов хэллээ.

Оросын нэрт сэтгүүлч тэрээр Өвөр байгалийн Агийн тал нутгийн эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн болон соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээний тухай бичихийн тулд Монголын номын сангууд болон архивын газруудад олон жил ажилласан. Ж.Цэвээн нь 1937 онд Монголд хэлмэгдэж, шоронд нас баржээ. 1956 онд түүнийг бүрэн цагаатгасан аж. Үүнтэй адил хувь тавилан Эрхүү мужид төрсөн Никита Батухановыг хүлээж байлаа.

Тэр Монголд Эрдэнийн Батхаан нэрээр алдаршсан. Тэр нэртэй орчуулагч, эрдэмтэн байсан төдийгүй, нэгэн үе БНМАУ-ын Гэгээрлийн сайдаар ажиллаж байжээ. Э.Батхаан монгол хэлийг хөгжүүлэхэд болон тус улсын боловсролын системийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэжээ. Харин түүний Эрдэнэбатын Оюуны тухай өгүүллийг Ким Болдохонов гайхамшигтай энэ эмэгтэйтэй уулзаж байсан өөрийн дурсамжууд дээр тулгуурлан бичжээ.

Тэр монголын шилдэг тэргүүний сэхээтний нэг байсан. Жүжгийн зохиолч, найруулагч, урлаг судлаач тэр Монголын театр урлагийн хөгжилд асар их хувь оруулсан. Э.Оюун гуай гайхамшигтай орчуулагч байсан төдийгүй монголчуудыг анх түрүүн агуу их Пушкин, Лермонтов болон оросын бусад сонгодог зохиол бүтээлүүдтэй танилцуулж байсан .

“Эрхэм нутгийнхан минь” номонд нэрт хэл шинжээч, зохиолч, орчуулагч Бямбын Ринчингийн тухай өгүүлэл оржээ. Түүний хүү палеонтологийн нэрт эрдэмтэн Ринчингийн Барсболдын тухай, генерал Базарын Цэдэн-Иш, Ардын жүжигчин Ц.Пүрэвжав болон шинэ Монголын ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн тухай болон бусад олон монголын буриад хүмүүсийн тухай өгүүлжээ.

Нэрт сэтгүүлч Ким Болдохоновын “Эрхэм нутгийнхан минь” номын хоёрдугаар дэвтэрт түүхийн ховор гэрэл зургууд олон оржээ.