Египетийн шинэ Үндсэн хуулийн асуудлаархи санал хураалтын албан ёсны дүнг өнөөдөр орон нутгийн цагаар 19 цагт (москвагийн цагаар 21 цаг) зарлана гэж өчигдөр орой Египетийн сонгуулийн комиссын тэргүүн Самир Абу аль-Мукаты сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хэлснээр сонгуулийн комисс олон нийтийн болон хүмүүнлэгийн янз бүрийн байгууллага ба ажиглагчдаас ирүүлсэн гомдол, давж заалдсан мэдүүлгийг авч үзэж дууссан юм. Түүнээс гадна энэ сарын 15, 22-нд бүх нийтийн санал хураалт явагдсан анхан шатны бүх комиссын үйл ажиллагааг шалгасан гэж аль-Мукаты нэмж хэллээ. Урьдчилсан тоо баримтуудаас харахад санал хураалтад оролцогчдын бараг 63 хувь нь Египетийн хувьсгалаас хойшхи анхны Үндсэн хуулийг дэмжиж, 36 хувь гаруй нь эсэргүүцэв. Үндсэн хуулийг батласнаар Египет улс шинэ парламентын сонгууль явуулж, гүйцэтгэх захиргааны бүтцийг өөрчлөн байгуулна. Шинэ Үндсэн хуулийн төсөл одоогийн засгийн газрын талынхан сөрөг хүчинтэй мөргөлдөхөд хүргэв.