Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү?

Удахгуй Шинэ он гарах гэж байна. Энэ баяр нь Орос улсад хамгийн дуртай, хүсэн хүлээж байдаг баярын нэг юм. Манай редакцид та бүхнээс шинэ жилийн мэндчилгээтэй захидал ирж эхэллээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос Дашийн Туяа бидэнд захидал ирүүлжээ. Тэр захидалдаа”Монголоос Орос руу захиа нилээд удаан явдаг, ялангуяа, баярын өмнө.

Тиймээс би та бүхэнд урьдчилж баярын мэнд хүргэхээр шийдсэн юм.Би танай нэвтрүүлгийг 15 жил сонсож байгаа, идэвхитэй сонсогч хүн. Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, шинэ онд эрүүл энх, аз жаргалыг хүсье! Орос орны болон бусад орнуудад болж байгаа үйл явдлуудын тухай сонирхолтой нэвтрүүлгүүд явуулдагт, бид үргэлж баяртай байдаг юм. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье!” гэж бичжээ.

Бидэнд захидал бичиж ирүүлсэн Д.Туяа танд их баярлалаа. Одоо бид танд болон манай радио сонсогчдод зориулж “Бид та бүхэнд аз жаргалыг хүсье” дууг сонсгоё.

Бид нэвтрүүлгээ Улаанбаатар хотын оршин суугч Норовын захидлаар үргэлжлүүлж байна. Тэр захидалдаа, би 80-ад онд Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж байсан. Тэр үед би зөвлөлтийн олон хотуудаад аялаж, олон орос, гадаад найзуудтай болсон. Свердловск буюу одоогийн Екатеринбург хотод сурч байхдаа бид хамтдаа цана, тэшүүрээр болон бусад биеийн тамир спортын төрлөөр хичээллэж, чөлөөт цагаа зугаатай сайхан өнгөрүүлж байсан. Өнөөг хүртэл би тэдний заримтай холбоотой байдаг. Одоо оросын залуучууд спортын ямар төрлийг сонирхох болсон тухай ярьж өгнө үү? Надад их сонирхолтой байна. Бас хөгжмийн хөтөлбөрөөрөө “Сая сая улаан сарнай” дууг сонсгоно уу?”гэж бичжээ.

Эрхэм Норов, бид таны хүсэлтийг дуртайяа биелүүлж байна. Оросын залуу үеийнхэн таны үеийнхний нэгэн адил цана, тэшүүрээр гулгах дуртай байдаг. Өвөл болж, гадаа хүйтрэхэд орос орон даяар нийтийн мөсөн гулгуурын тайлбайнуудыг нээдэг. Өөрсдийн тэшүүргүй хүмүүс хүртэл, тэндээс өөрт таарах тэшүүр түрээсээр авч гулгах боломжтой. Мөсөн гулгуурууд нь бараг бүх хотуудад байгаа. Түүнчлэн, хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хоккей болон уран гулгалтын секцүүд ажиллаж байна. Их, дээд сургуулиуд өвөл бүр оюутнуудынхаа дунд кросс уралдаан тэмцээнүүдийг зохион явуулдаг.

Одоо үед оросын залуучууд сноубордыг ихэд сонирхох болсон. Энэ нь цасан дээр хавтгай самбар дээр гулгадаг спортын төрөл. Үүнийг хүссэн хүн бүр олж авах боломжтой байдаг, мөн самбар дээр гулгаж сурахын тулд заавал тамирчин байхын хэрэггүй бөгөөд нилээд тэвчээр гаргах юм уу, аль эсвэл биеийн тамирын сүйхээтэйхэн зааварлагчийн зөвлөгөө авахад хангалттай. Камчатка, Сахалин, Эрхүү, Красноярск болон Алтайн ууланд сноубордын төвүүдийг байгуулсан. Москва болон Москвагийн орчимд 200 гаруй төвүүд ажиллаж байна. Сүүлийн үед залуучуудын дунд сноукайтинг гэх бас нэгэн шинэ төрлийг их сонирхож байна.

Сноускайтинг нь цана буюу сноубордын хоорондох төрөн бөгөөд агаарт хийсэх могойг сүүлээ болгож бэхлэсэн байдаг. Энэхүү төрөл нь 20-р зууны 70 –аад оны үед Альпын ууланд анх төржээ. Орос улсад 2001 оноос эхлэн сноускайтингийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг явуулж байна.

Оросуудын өвлийн спортын төрлүүдэд хайртай байдал нь 2014 оны Өвлийн Олимпийн нийслэлээр Сочи хотыг сонгох хүчин зүйлүүдийн нэг болсон юм.Одоо маш том бүтээн байгуулалт явагдаж байна. Олон арван барилга байгууламжууд баригдаж, тэдгээрүүдэд тестийн уралдаан тэмцээнүүд зохиогдож байна.

Эрхэм Норов, бид таны тавьсан асуултанд хариулж чадсан байх гэж бодож байна. Одоо танд болон манай радиосонсогчдод зориулан “Сая улаан сарнай” дууг сонсгое.

 Манай “шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн захидлыг бидэнд Сүхбаатар аймгаас Сарнай ирүүлжээ. Тэр захидалдаа, “Энэ завшааныг ашиглан сонирхолтой сайхан нэвтрүүлэг явуулдаг танай хамт олонд удахгуй гарах гэж байгаа шинэ оны мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!” гэжээ. Танай нэвтрүүлгүүдээр дэлхий дахины үйл явдлуудыг шуурхай дамжуулахын хамт ойлгомжтой хэллэгээр хүргэдэг нь надад их таалагддаг.

Сонсогчдын захидлаар бэлтгэн явуулдаг нэвтрүүлэг дахин сэргэсэнд бас талархаж байна. Одоо өвлийн улирал гарч, гадаа хүйтэрч байна. Москвад ч гэсэн энэ жил их хүйтэн өвөл болж байгаа гэсэн. Оросууд хүйтэнд даарахаас хэрхэн сэргийлдэг тухай, ардын уламжлалт аргуудын талаар ярьж өгнө үү?”гээд миний сонсох дуртай Алла Германы дуулсан “Надежда” дууг сонсгоно уу “гэж бичжээ.

Сарнай танд их баярлалаа. Үнэхээр өвлийн улирал хүйтний улирал тул, биеэ сайн энхрийлүүштэй шүү. Олон хүмүүс дороосоо даарсаны улмаас дараа нь хүндэрч улмаар архаг өвчин болдог. Өвчнөөс өөрийгөө яаж урьдчилан сэргийлэх вэ? Өвлийн улиралд энэ нь “С “амин дэмийн дутагдлаас болдог. Тиймээс С амин дэмийн өндөр агуулгатай хүнсийг хэрэглэх ёстой юм. Энэ нь оросуудын өргөнөөр хэрэглэдэг давсалсан байцааны шүүсэнд их байдаг.

Түүнчлэн С амин дэм бэрсүүт төрлийн жимсэнд их байдаг. Энэ бол лимон, апельсин, грейпфрут болон мандарин юм. Байцааны салатыг ургамлын тосоор хачирлан идэх нь хүний бие организмд ялангуяа, өвлийн цагт маш сайн. Учир нь ургамлын тос нь маш их амин дэмийн нөөцтэй байдаг бөгөөд бичил элементүүд бас байдаг. Зөгийн бал нь дархлаа сайжруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд их үүрэгтэй . Гэтэл нэгэнт даараад, өвдөж орхивол одоо яах вэ?

Халуун бууруулахад хамгийн сайн тустай жимс бол бөөрөлзгөнө жимс юм. Оросууд бөөрөлзөгний чанаамалыг чухам өвлийн хүйтэнд л цайтайгаа хэрэглэдэг. Хамрын ханиаданд самрын модны тосыг дуслаар дусаадаг бөгөөд далдуу модны тосонд юм уу, чанасан төмсний халуун ууранд утадаг.Харин ханиалгыг лимоны шүүс, зөгийн балаар эмчилдэг. Ханиадны эхний шинж тэмдэг илрэхэд, горчицтой усанд хөлөө дүрхийг зөвлөдөг.

Ингэхдээ хамгийн гол нь биеэ аль болохоор амрааж, дулаан байранд, амар тайван байвал илүү үр дүнтэй болно. Эрхэм нөхдөө! Та бүхэн өвлийн хүйтэнд даарахгуй байхыг хичээгээрэй. Дулаан явбал мянган лан гэж монголчууд ярьдаг даа. Үүнийг үргэлж санаж яваарай. Одоо та бүхэн Александра Пахмутовагийн “Надежда” дууг Анна Германы дуулсанаар хүлээн авч сонсоно уу?

Та бүхэн манай “шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг сонсож байна.

Бидний танилцуулах гэж байгаа дараагийн захидлыг Завхан аймгаас Рэнцэн гуай ирүүлжээ. Тэр захидалдаа, ”Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг таван жил сонсож байна. Би жолооч. Ихэнхдээ зав муутай байдаг. Гэхдээ би үргэлж танай нэвтрүүлгийг сонсдог, надад их таалагддаг. Жолооч хүний хувьд тээврийн асуудалтай байнга тулгардаг . Энэ бол шатахууны үнээс аваад замын байдалтай холбоотой асуудлууд байдаг. Орос улсад төлбөртэй замыг идэвхитэй барьж байгаа тухай сонссон. Энэ тухай ярьж өгнө үү?” гэж бичжээ.

Захидал ирүүлсэн танд их баярлалаа. Ингээд Рэнцэн гуай, таны сонирхосон асуултанд бид дуртайя хариулъя. Орос улсад автомашины бөглөрөөг багасгах зорилгоор янз бүрийн арга хэмжээнүүдийг авч байна. Анхны төлбөртэй замыг манай улсад 1989 онд байгуулсан. 2012 оны 10-р сарын байдлаарМосква-Новороссийскийн чиглэлд автозамын төлбөртэй хоёр газрыг байгуулсан бөгөөд бүс нутгуудад нилээд хэдэн зам болон Санкт-Петербург рүү хүрэх замын доторх 5 км хэсэг зам нь төлбөртэй юм.

Одоогийн баригдаж байгаа Москва –Санкт-Петербургийн хурдны зам болон Москва орчмын автомашины Төвийн цагариг замууд мөн төлбөртэй болно . Түүнчлэн, Москва-Петербургийн автомашины шинэ замыг төлбөртэй болгох гэж байгаа төдийгүй уг замын 60 орчим хувийг төлбөртэй болгохоор төлөвлөж байна. Төлбөртэй машин замын үнэ нэг хөнгөн тэрэгнээс нэг километрт нэг рубль, ачааны машинаас нэг км 4 рубль байх юм. Ийм төлбөрөөр нь замын барилгын зардлыг хаах боломжгүй юм, гэхдээ эдгээр нь уг замыг одоогийн байдалд байлгах, замын төлбөрийн системийг ашиглах болон замын оператор болох хувийн компанийг урамшуулахад хүрэлцээтэй юм.

Эрхэм хүндэт, Рэнцэн гуай, бид таны сонирхсон асуултанд хариу өглөө. Одоо манай нэвтрүүлгийн хөгжмийн хөтөлбөрөөр таны хүсэлтийг биелүүлье. Оросын эстрадын нэрт дуучин, Ардын жүжигчин Валерий Леонтьевын “Чи минь намайг бүү мартаарай!” дууг хүлээн авч сонсоно уу?

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох дуртай байгаа болон ямар дуу хөгжим сонсох хүсэлтэй байгаагаа манай нэвтрүүлгийн цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.