Афганистанаас НАТО-гийн цэргийг гаргах хор уршиг ба хил дамжсан сорилт дуудлагатай тэмцэх цэргийн бүрдэл хэсгийг бэхжүүлэх арга зам зэрэг асуудал ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтын үндсэн сэдэв байлаа. Энэ дээд хэмжээний уулзалт Москвад 12-р сарын 19-нд Орос, Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудын ерөнхийлөгчдийн оролцоотойгоор болсон юм.

ХАБГ-нд 20 жилийн өмнө гарын үсэг зурсан бөгөөд арван жилийн дараа цэргийн энэ холбоог байгуулсан гэдгийг сануулья. Өнгөрсөн хугацаанд ХАБГБ евразийн орон зайд аюулгүй байдлыг хангах баталгаа гэдгээ харуулж чадсан юм. Тус байгууллагын москвагийн дээд хэмжээний уулзалтыг нээж ОУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ: «Нийтлэг хариуцлага, тэгш эрхтэй байдал дээр өөрийн ажлаа зохицуулсны үндсэн дээр манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл болох цэргийн хамтын ажиллагаа, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх тэр дундаа мансууруулах бодисны сувгийг хаах, хямралыг угтан тосох зэрэг чиглэлүүд бид урагшлан ахиж чадлаа. Энхийг сахиулах ажиллагаа явуулах бэлтгэл ажил эхлээд байна, ХАБГБ-ын цэргийн нөөц бололцоо тэр дундаа Шуурхай хариулт өгөх хамтын хүчнийг бэхжүүлж байна» гэж хэллээ.

2014 онд Афганистанаас НАТО-гийн цэргийг гаргасны дараа бүс нутгийн улсуудын эрсдэлтэй байдлыг аль болох багасгах үүднээс практик үйл ажиллагааны ижил тэнцүү арга барилыг боловсруулахыг цэргийн эвслийн хамтран зүтгэгчиддээ ОУ-ын ерөнхийлөгч санал болголоо. Учир нь НАТО цэргийн техникийнхээ болон зэвсэглэлийнхээ зарим хэсгийг тус бүс нутагт үлдээх гэж байгаа юм. Ингэсэн нь зэвсэглэлийг нутагтаа буцаахаас хамаагүй хямд тусах юм. Хамгийн гол нь энэ зэвсэглэлийг чухам хэнд үлдээх гэж байгаа нь тодрхой бус байгаа юм. Хойд Атлантын эвсэл энэ бүсэд 10 гаруй жил цэргийн ажиллагаа явуулсан боловч тэнд амар тайван болсонгүй. Барууныхны үлдээсэн зэр зэвсэг нөгөө л талибуудын гарт орохгүй гэсэн баталгааг хэн гаргаж өгөх вэ? Пакистан, Энэтхэг, Хятад зэрэг Афганистан улсын бусад хөршүүд “натогоос хойшхи” афганистаны байдалд хариулах нийтлэг бодлогогүй учир түгшиж байгаа нь ойлгомжтой. Ийм учраас 2014 оны төгсгөл ойртох тусам ХАБГБ-ын нийтлэг стратег боловсруулах динамик улам л ихсэх болно.

ХАБГБ-ын москвагийн дээд хэмжээний уулзалт дээр Узбекстан улс хоёр дахь удаагаа эвслээс гарлаа. Энэ зун Ташкентын гаргасан зохих өргөдлийг ийнхүү ёсоор болгосон байна. ХАБГБ-ын бусад гишүүд томьёолоо өөрчилснөөс энэ шийдвэрийг гаргасан юм. Төв Азийн шинжээч Аркадий Дубнов ярихдаа: «Узбекстан улс өөрийн оролцоогоо зогсооно гэж эхлээд үзэж байсан юм. Ийм тохиолдолд тус улс ХАБГБ-ын гишүүн хэвээрээ үлдэж, үйл ажиллагаанд нь оролцохгүй байх боломжтой гэж ярьж болох байсан юм. Шийдвэрийг батлахад оролцоогүй учир Ташкент ХАБГБ-ын шийдвэрийг биелүүлэхгүй байж болох байсан. Ийм учраас Узбекстаны энэ эсэргүүцлийн хариуд тус улсын гишүүнчлэлийг зогсоосон байна. Ташкент ХАБГБ-ын гишүүн бус учраас энэ байгууллагын шийдвэр тус улсад огт хамаагүй юм» гэж хэллээ.

Узбекстан улс гарсан нь тус эвсэлд ашигтай болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Ташкент онцлог санал байна гэх мэтээр дэндүү олон удаа хамтарсан шийдвэр гаргахад саад болж байсан юм. Узбекын тэргүүн Ислам Каримовын бүс нутгийн хөршүүдтэйгээ болон ХАБГБ-ын тэргүүнүүдтэй харилцах хувийн харьцаа нь тийм ч сайн биш байгаа юм.

Хэрвээ Узбекстан улс ХАБГБ-д гэнэт эргэн ирхээр шийдвэл хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх ёстой болно. Жишээ нь, одоо үйлчилж байгаа өөрийнхөө гадаад бодлогын үйл ажиллагааны концепцыг эргэн харах шаардлагатай болно. Энэ концепц нь тус улсыг цэргийн ямарч эвсэлд нэгдэхийг хориглож байгаа юм.Ташкент ХАБГБ-д дахин элсэхийн тулд тус улсыг гишүүнчлэлгүй байх хооронд гаргасан бүх баримт бичгийг батлах ёстой гэдгийг Москва ойлгууллаа.