Улсын думын намрын чуулган болон шинэ бүрэлдэхүүнээр ажилласан анхны жил дууслаа. Шувтарч байгаа энэ онд Оросын парламентын доод танхим улс төрийн шинэчлэлийн уриан дор ажиллаа. Улсын думын дарга Сергей Нарышкин үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ

«Намын тухай хуулийн шинэ хэм хэмжээг түргэн хэрэгжүүлснээр 2013 онд биш одоо 48 намыг бүртгээд байна. Бараг тэн хагас нь бүс нутгийн сонгуульд хүчээ сорьж үзлээ. Бүс нутгийн удирдагчийн сонгуулийн тухай хуулийг хавар батласан. Одоо Холбооны улсын таван субьектийн засаг дарга нарыг сонгосон юм. Бид намрын чуулганы үеэр бүс нутгийн сонгогчдын саналыг үндэслэн Холбооны Зөвлөлийг (парламенгтын дээд танхим) эмхлэн бүрдүүлэх шинэ журам тогтоосон. Мөн Улсын думын депутатуудын сонгуулийн тухай хуулийн төсөл хууль тогтоох санаачлагуудын дотор байна» гэв.

Хууль тогтоогчид Оросын хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх талаар их юм хийж амжсан гэж эрх баригч «Нэгдсэн Орос Улс» намын фракцын тэргүүн Владимир Васильев тэмдэглэв. Тамхитай тэмцэх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.2015 оноос Орос улсад олон нийтийн газарт тамхи татахыг хориглоно.

«Тамхи үйлдвэрлэгчдийг ивээн тэтгэж буй этгээдүүдтэй тэмцэхэд хэцүү байсан. Гэсэн ч бид зөв соёлч замаар зохих алхам хийсэн» гэж Владимир Васильев хэллээ.

Депутатууд түшмэдэд ногдуулах хорио хягаарлалтын тухай саналыг хэрэгжүүлэх амлалтаа өвлийн амралтынхаа өмнө биелүүлэв. Нийгэмд өргөн хэлэлцэж байгаа мөн саналыг ерөнхийлөгч Владимир Путин дэмжсэн юм. Анхны хэлэлцүүлгээр батласан авилгалтай тэмцэх хуулийн төсөл түшмэд хилийн чанадад данс, үл хөдлөх хөрөнгө түүнчлэн гадаадын компаниудын хувьцаатай байхыг хориглож байна.

Энэ хорио төрийн албан хаагчид төдийгүй хүчний бүх байгууллагын ажилтнуудыг хамарч байна. Мөн хууль зөрчигчийг хатуу шийтгэж, хэдэн сая рублийн торгууль ногдуулж эсвэл таван жил хүртэл хугацаагаар шоронд хорино. «Шудрага Орос Улс» намын удирдагч Сергей Миронов мөн хуулийн төслийг тайлбарлан хэлэхдээ

«Төрийн алба хааж байгаа түшмэд албан тушаалаа ашиглан баяжиж байна гэх мэт сэжигийг арилгахын тулд ухаалаг хязгаарлалт тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Иймээс тус хуулийн төслийг дэмжсэн» гэв.

ОХУ-ын КН-ын фракцын удирдагч Геннадий Зюганов ирэх чуулганы төлөвлөгөөг хөндөн ярихдаа

«Ирэх оны хууль тогтоох санаачилгын хөтөлбөр маань бэлэн. Гол нөөц баялгийг улс орондоо ашиглахад чиглэгдсэн эрдэс-түүхий эдийн баазыг улсын мэдэлд хураах тухай санаачилга заавал батлагдана гэж бодож байна» гэв.

Эцэст нь шинэ сонгуулийн Улсын Дум ширүүн санал шүүмжлэл явуулсан ч ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад нэгдүүлэх тухай хэлэлцээрийг батласныг энд дурдая.