Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын форум 2012 онд Орос улсын хувьд нэн чухал үйл явдал болсон юм. Бүс нутгийн интеграци, тээврийн дэд бүтэц, гадаадын түншүүдтэй харилцан ажиллах асуудал, хүнсний аюулгүй байдал оросын засгийн газар ба үйлдвэр худалдааны бүлгийнхнээс энэ байгууллагын хүрээнд явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл боллоо.

Тээврийн системийг шинэчлэх шийдвэр дээд хэмжээний уулзалтын чухал үр дүн болсон. Шинэ зам, юуны түрүүнд Сибирийг нэвтрэн дамжсан төмөр зам, Хойд усан замыг ашиглах нь зайлшгүй чухал гэж үзсэнийг Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдээд

«Худалдааны тээвэр-логистикийн хангамжийг сайжруулах, ачаа тээвэрлэлтийг саатуулж байгаа түвэг бэрхшээлийгг арилгах хамтын арга хэмжээнүүд чухлыг дээд хэмжээний уулзалт дээр онцлосон юм. Дэлхийн ба бүс нутгийн логистикын бүдүүвчийг өргөжүүлж, АНДБН-ийг Европтэй холбох дөт ашигтай шинэ зам олоход манай орны дамжин нэвтрэх  чадавхийг ашиглахыг санал болгож байна» гэв.

Тээврийн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах нь хөрөнгө оруулах хамгийн ашигтай төслийн нэг болно гэж шинжээч Дмитрий Абзалов хэлээд

«Эдгээр нь хөлөг онгоц, нисэх онгоц, машин үйлдвэрлэх нэгдэл, нефтийн хими, хийн химийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, тээврийг хөгжүүлэх томоохон төсөл юм. Тухайлбал Хойд усан замд их хэмжээний хөрөнгө оруулах нь Орос улсад ирээдүйтэй төсөл юм. Мэдэгдсэн санаачилгуудыг төрийн дэмжлэгээр төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх нь Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг биелүүлэх үйл хэрэг болно» гэв.

Эдүгээ нисэх онгоц, хөлөг онгоцны үйлдвэрлэл ба энергийн салбарт Хятад улстай идэвхтэй хамтран ажиллаж байна. Газпром хий шингэрүүлэх тухай хэлэлцээр Япон улстай байгуулсан нь дээд хэмжээний чухал үр дүн болсон.

АНДБН-ийн эдийн засгийн энергийн зарцуулалтыг 2035 он гэхэд 2005 оныхтой харьцуулахад 45 хувиар хорогдуулахаар тохиролцов. 54 төрлийн  «Ногоон» бараа таваарын цэсийг бүрдүүлжээ.Тэдгээрт ноогдуулах гаалийн хураамжийг багасгах юм. Түүнээс гадна бүс нутгийн орнуудын удирдагчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлж, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлж, авилгалтай хүчтэй тэмцэж, санхүүгийн тэнцвэргүй байдлыг хэвийн болгож, экспортын шинэ хязгаарлалтаас татгалзахаар тохиролцов.