НҮБ-ын АЗ Өмнөд Суданд оросын нисдэг тэргийг сөнөөснийг буруушаагаад буруутнуудыг хариуцлагад татахыг шаардсан тухай өнөөдөр АЗ-ийн дарга Мухаммед Лулички сэтгүүлчдэд мэдэгдэв. Энэ будлиан бүс нутагт НҮБ-ын үйл ажиллагааг хүндрүүлж байна гэж тэрээр онцлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Өмнөд Суданы армийн ажиллагааг бас буруушаагаад, хэрэг явдлыг мөрдөн байцааж, хойшид ийм явуулгаас сэрэмжлэхийг шаардав.

Өчигдөр Өмнөд Суданы Агаарын довтолгооноос хамгаалах хүчин НҮБ-ын энхийг сахиулагчдын Ми-8 нисдэг тэргийг сөнөөв. Нисдэг тэрэгний багийн гишүүн Орос улсын дөрвөн иргэн амь үрэгджээ. Өмнөд Суданы арми нисдэг тэрэг сөнөсэнтэй холбогдуулан НҮБ-ын төлөөлөгчдийн газраас уучлал гуйв.

Өмнөд Суданы армийн төлөөлөгчийн РИА Новости агенитлагад мэдээлснээр цэргийнхэн андуурч нисдэг тэргийг бууджээ. Учир нь НҮБ-ын төлөөлөгчдийн газраас нисдэг тэрэг босогчидтой байлдан дайтаж байгаа районд нислэг хийхийг мэдээлээгүй. Эмгэнэлт хэрэг явдал болсон Жонглей мужид ажиллаж байгаа хээрийн захирагч Дэвид Яу Яугийн бүлгийн босогчид нисдэг тэргийг сөнөөсэн гэж үүний өмнө Өмнөд Суданы армийн төлөөлөгчид мэдэгдсэн билээ.

АНУ-ын засаг захиргаа оросын иргэд Суданд амь үрэгдсэнтэй холбогдуулан Орос улсад эмгэнэл илэрхийлэв. Вашингтон Суданы засгийн газарт хандан хэрэг явдлыг мөрдөн байцааж, буруутнуудыг шийтгэхийг уриалжээ.