Өнөөдөр Египетийн иргэд бүх нийтийн санал хураалтын 2 дахь үеийн хүрээнд Египетийн шинэ Үндсэн хуулийн төсөлд санал өгөх юм. 12-р сарын 15-нд египетийн томоохон арван муж,түүний дотор Каир, Александрия хоёр том  хотын оршин суугчид саналаа өгсөн юм. Өнөөдөр Египетийн үлдсэн 19 мужийн оршин суугчид санал хураалтад оролцоно.

Албан ёсны бус тоо баримтуудаас харахад бүх нийтийн санал хураалтын эхний үед египетийн дийлэнх олонхи сонгогч шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжсэн байна. Бараг 57 хувь нь саналаа өгчээ. Өнөөдрийн санал хураалт дууссаны дараа эхний үеийн санал хураалтын үр дүнг зарлах юм.

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн Үндсэн хуулийн төсөл улс орны нийт хүн амын ашиг сонирхолыг тусгахгүй байна гэж египетийн либерал сөрөг хүчний төлөөлөгчид үзэж байна. Баримт бичгийн зарим заалт хүний, түүний дотор эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, шүүгчдийн хараат бус байдлыг бусниулж байна гэж тэд үзсэн юм.

Өнгөрсөн бямба гаригт бүх нийтийн санал хураалтын эхний үед зөрчил гарсан гэж сөрөг хүчин тэмдэглэв. Өнөөдөр ч зөрчил гарч мэднэ гэж тэд үзэж байна. Египетийн дийлэнх олонхи хүн амын дэмжлэг авна гэж ерөнхийлөгч Мурсийн талынхан үзэж байна.

Шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжсэн ба эсэргүүцсэн өргөн хүрээтэй ажиллагаа өнөөдрийн санал хураалтын өмнө улс даяар явагджээ. Жагсагчид Александрия хотыг эмх замбараагүй байдалд оруулав. Цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэж жагсагчдыг тараажээ.