Тогтонги нөхцөл байдал бол улс орны цаашдын хөгжлийн нэн чухал болзол мөн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. 12-р сарын 20-нд Москвад тэрээр Оросын бүх бүс нутгийн 1000 гаруй сэтгүүлч оролцсон хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Орос улсын өнөөгийн байдал эцэст зогсонги болж хувирч мэдэх үү гэсэн асуултад төрийн тэргүүн хариулахдаа тогтонги нөхцөл байдал хөгжлийн зайлшгүй болзол гэдгийг Хятад улсын жишээ нотлон харуулж байна гэв. Ёс журам, сахилга болон хуулийг даган мөрдөх явдал засгийн ардчилсан хэлбэрт харшлахгүй гэж Владимир Путин онцлов.

Орос улсын ерөнхийлөгч улс орныхоо эдийн засгийн хөгжлийн шувтарч байгаа энэ оны дүн гарган хэлэхдээ

«ДНБ-ний өсөлт бол эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлт юм. Энэ оны эхний арван сард өсөлт 3,7 хувь болсон. Энэ нь өнгөрсөн оныхоос ялимгүй бага байсан ч евро бүсийн уналт, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдацын буурал, Хятадын эдийн засгийн хөгжил бага зэрэг саатсныг харгалзвал энэ нь сайн үр дүн гэдгийг тэмдэглэмээр байна. Инфляцийн тухайд гэвэл өнгөрсөн онд инфляции сүүлийн 20 жилд хамгийн бага болсон. Энэ оны инфляц бага зэрэг нэмэгдэж 6,3 хувь болно» гэлээ.

Путинд тавьсан дийлэнх олонхи асуулт Орос улсын дотоодын амьдралд хамаатай байв. Тухайлбал авилгалтай хийх тэмцлийг сонирхсон байна. Хахуульдагчийн эсрэг хоригийг улам ширүүсгэх хэрэгтэй нгэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна. «Ийнхүү зөрчсөн этгээдийг заавал шийтгэх хэрэгтэй» гэж тэрээр хэлэв. Путины хэлснээр авилгалтай хатуу тууштай тэмцэж байна.

Сэтгүүлчид гадаад бодлогыг ч сонирхов. Путин Курилын арлуудын асуудлыг хөндөхдөө Японы шинэ удирдлага Орос улстай найрамдах гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа нь нэн чухал гээд оновчтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Орос улстай нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэж, найрамдах гэрээнд гарын үсэг зурах бодолтой байна гэж 12-р сарын 17-нд Японы Либерал-ардчилсан намын тэргүүн, ирээдүйн ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдсэн билээ.

Курилын арлууд Орос улсын нутаг дэвсгэр гэдгийг бугдэд ойлгомжтой болгохын тулд нэгэн арлыг Владимир Путины нэрээр нэрлэхийг Сахалин мужийн сэтгүүлч санал болгов. Орос улсын ерөнхийлөгч мөн саналыг хэрэгсэхгүй болгов. Эдгээр арлын нэрийг нэгэнт сольвол Толстойн буюу Пушкиний нэрээр нэрлэх хэрэгтэй гэж Путин үзэж байна.

Ерөнхийлөгч Путин оросын нефтийг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлэх Зүүн Сибирь-Номхон далай нефтийн хоолой барих төслийг хэвлэлийн бага хурлынхаа явцад өндөр үнэлэв. Энэ барилгын хүрээнд Хятад руу барьсан хоолойгоор жил дутам 15 сая тонн нефть дамжуулж байна. Зам, дэд бүтэц үгүй хүнд бэрх нөхцөлд ажилласан боловч экологийн бүх шаардлагыг биелүүлсэн гэж төрийн тэргүүн онцлов. Тухайлбал Байгал нуурыг бохирдуулахгүйн тулд хоолойг түүнээс 400 км зайтай барьсныг Путин дурдав.

Зүүн Сибирь-Номхон далайн нефтийн хоолойн 2-р ээлжийг албан ёсоор ашиглалтад оруулах ёслол 12-р сарын 25-нд Хабаровскад болох юм. Түүний төслийн хүчин чадал жилд 80 сая тонн нефть дамжуулж нийлүүлэх боломж олгож байна.

Ерөнхийлөгч Владимир Путины хийлгэсэн хэвлэлийн бага хурал 4 цаг 39 минут үргэлжлэв. 80 сэтгүүлч асуултаа тавьж амжсан байна.