2012 онд дэлхийд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 33 хувиар илүү олон байна гэж «Хаа сайгүй ажиллах сурвалжлагчид» олон улсын байгууллагаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Шувтарч байгаа энэ онд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт 88 ажилтан амь үрэгдээд байна. Түүнээс гадна 879 сэтгүүлчийг баривчилж, 38-ыг барьцаалжээ. Мөн 1993 сэтгүүлчийг айлган сүрдүүлж буюу амь насанд нь халдахыг оролдсон юм.

Сирийн мөргөлдөөн, Сомалийн эмх замбараагүй байдал, Пакистан дахь талибуудын хүч хэрэглэх ажиллагаа амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж тус олон улсын байгууллага үзэж байна.

Сэтгүүлчдийг баривчлахын тухайд гэвэл Түркийн байдал энэ талаар таагүй байна. «Түрк улс сэтгүүлчдийг хорих дэлхийн томоохон гяндан болсон. Энэ нь бүс нутагт өөрийгөө ардчиллын үлгэр жишээ хэмээн зарласан улсын хувьд шившигт үзэгдэл» гэж илтгэлийг зохиогчид тэмдэглэжээ. Хятад, Эритрея, Иран, Сири улсууд шоронд хорисон сэтгүүлчдийн тоогоор Түрк улсын дараа орж байна. Ливи Египет улсуудад сэтгүүлчдийн аюулгүй байдал бага зэрэг сайжрасан гэж «Хаа сайгүй ажиллах сурвалжлагчид» олон улсын байгуулага мэдээллээ.