ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ эрх баригчид Орос улстай найрамдах гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа нь маш чухал гээд оновчтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр Москвад тэрээр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ.

«Нутаг дэвсгэрийн асуудлын тухайд гэвэл японы эрх баригчидтай оновчтой яриа хэлэлцээ хийхэд их найдаж байна. Засгийн эрхэнд ахин гарсан намын удирдлага найрамдах гэрээ байгуулахыг эрмэлзэнэ гэсэн Токиогоос явуулсан дохиог хүлээж авсан. Энэ нь маш чухал дохио юм. Түүнийг бид өндөр үнэлж байна. Эл асуудлаар оновчтой яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна» гэж Владимир Путин хэллээ.

Нутаг дэвсгэрийн асуудлыг Орос улстай шийдвэрлэж, найрамдах гэрээнд гарын үсэг зурах бодолтой байна гэж 12-р сарын 17-нд Японы Либерал-ардчилсан намын тэргүүн, ирээдүйн ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдсэн тухай урьд мэдээлсэн билээ.

Путин Курилын арлуудын асуудлыг хөндөн ярихдаа Курилын нэгэн арлыг өөрий нь нэрээр нэрлэх шаардлагагүй гэж мэдэгдэв. Эдгээр арлын нэрийг нэгэнт сольвол Толстойн буюу Пушкиний нэрээр нэрлэсэн нь дээр гэж ерөнхийлөгч хэллээ. Курилын нэгэн арлыг өөрий нь нэрээр нэрлэхэд хэрхэн хандаж байна вэ гэсэн асуултад Путин тэгж хариулав. Сэтгүүлчийн хэлснээр «ерөнхийлөгчийн нэрээр нэрлвэл энэ нь Оросын нутаг дэвсгэр гэдэг нь бүгдэд ойлгомжтой болно».

Япон улс 1855 оны Худалдаа, хилийн тухай хоёр талын гэрээг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Курилын дөрвөн аралд өнгөлзөж байна. Москвагийн байр суурь Өмнөд Курилын арлууд дэлхийн 2-р дайн дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд Орос улсын эрх олон улсын эрх зүйн зохих баримт бичгүүдээр батлагдсанд оршино.

ОХУ-ын ерөнхийлөгч том хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Оросын ба гадаадын 1200 сэтгүүлч Олон улсын худалдааны төвд цугларсан. Сэдвийн хүрээг хязгаарлаагүй байна.