Эрүүгийн хэргийг сөрөн зогсох асуудал олон улсын форум, дээд хэмжээний уулзалтын сэдэв олонтаа болж байна. Өчигдөр «Оросын дуу хоолой» радиогийн зочид ээлжит «Дипломат клубын» хуралдааны хүрээнд Афганистанд мансууруулах бодистой тэмцэх, энгийн номхон ард иргэдийг террорын аюулаас хамгаалах, далайн дээрмийг эсэргүүцэх зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэв. «Шинэ аюул сорилт: эрүүгийн тал» сэдэвт дугуй ширээний уулзалт энэ удаа хийжээ.

Орос улс эрүүгийн хэргийг сөрөн зогсох механизмыг идэвхтэй боловсруулж, ШХАБ, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын зөвлөл, «Орос улс-НАТО» зөвлөл зэрэг олон улсын байгууллагтай хамтран ажиллаж байна. Одоогоор хоёр талын харилцан ажиллагаа илүү амжилттай байна гэж терроризм, улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд олон улсын хамтын ажиллагааны асуудал эрхлэсэн Оросын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгч Александр Змеевский хэлээд

«Хоёр талын харилцан ажиллагааны түвшин уламжлал ёсоор нэлээд өндөр байна. Эдүгээ Орос улс терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодис зэрэг асуудлаар гадаад орнуудтай 20 гаруй ажлын хэсэг болон зөвлөлдөх өөр механизмыг байгуулсан юм. Бид Алжир, Энэтхэг, Индонези, АНУ, Герман болон бусад хэдэн улстай ийм механизмыг ажиллуулж байна» гэв.

Бизнес терроризм тухайлбал аялал жуулчлалын хүрээнд терроризмтэй тэмцэх талаар төрийн гол түнш болох ёстой гэж Змеевский нэмж хэллээ. БНЭнэтхэг Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга, консул Кришнанкути Вижаям Шрижеш түүний саналыг дэмжив. Тэрээр хэлэхдээ

«Ийм санаачилгыг бүрэн дэмжиж байна. Энэ нь өргөн хэтийн төлөвтэй чиглэл гэж бид үзэж байна. Юу гэвэл Энэтхэг улс террорын дайралтад нэг бус удаа өртсөн юм. Нийтийн ба аялал жуулчлалын газар байранд террорын ажиллагаа удаа дараалан явуулсан. Аялал жуулчлалын салбарт гэмт хэрэгтэй тэмцэх нь зайлшгүй чухал гэж санал шүүмжлэлд оролцогчид бүгд үзэж байгаа бололтой. Төр, бизнесийн хамтын ажиллагаа хэтийн төлөвтэй чиглэл» гэв.

Олон улсын терроризмыг сөрөн зогсохын тулд хоёр талын төдийгүй олон улсын хэмжээнд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй гэсэн дүгнэлт уулзалтад оролцогчид хийжээ. Юу гэвэл террористууд гэмт хэргийн бүдүүвчдээ нэг,хоёр биш олон улс орныг хамарч, бүхэл бүтэн сүлжээг хөгжүүлж байна гэж БНИндонези Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жаухарин Оратмангун тайлбарлан хэлээд

«Бид олон улсын терроризм, гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэх ёстой. Учир нь олон улсын терроризм, гэмт хэрэг олон хүн, хүүхдийг хөнөөх уршигтай юм. Энэ нь бидний хүүхэд төдийгүй хойч үеийнхний аж амьдралд хамаатай. Терроризм шинэ шинэ хэлбэртэй болж байгаа учраас олон улсын терроризм, гэмт хэрэгтэй хийх тэмцэлд хүчин чармайлтаа идэвхжүүлж дайчлах хэрэгтэй» гэв.

Эдгээр шинэ хэлбэр гэмт хэргийн байгууллагуудын нягт харилцан ажиллагаатай холбоотой юм. Террористууд мансууруулах бодисын наймаачид ба далайн дээрэмчидтэй нягт хамсаж байна. Гол зорилт гэмт хэрэгтнүүд төр засаг, олон нийтийн байгууллагуудад нэвтрэхээс сэрэмжлэхэд оршино. «Гэмт хэргийн бүлгийнхэн бол ер бус дайсан юм. Тэд төрийн тусгаар тогтнолыг хүндэтгэх гэх мэт үүрэг олон улсын хэмжээнд аваагүй хийгээд нийгмийн өмнө хариуцлага хүлээхгүй байна» гэж Александр Змеевский «Оросын дуу хоолой» радиогийн «Дипломат клубын» хуралдаан дээр хэллээ. Иймээс улс орнууд олон улсын ба дотоодын гэмт хэрэгтэй хамтран тэмцэх ёстой гэж тэрээр тэмдэглэв.