Орос улс зэвсгийн экспортоор нэг ёсны дээд амжилт тогтоов. Энэ онд зэвсэг худалдах хэлэлцээрүүдийн өртөгийг 13,2 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн бол экспорт 14 тэрбумээс хэтэрснийг ерөнхийлөгч Владимир Путин цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаархи хуралдаан дээр дурдав.

Гэв гэнэт ийн сайн үр дүнд хүрсэн гэж хэлж болохгүй. Гадаадад зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүлнэ гэж шинжээчид бас үзэж байсныг цэргийн шинжээч Антон Чернов тэмдэглэн хэлээд

«Төлөвлөгөөг давуулан биелүүлнэ гэж бодож байсан. Учир нь оросын аж үйлдвэр тухайлбал батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын хөлөг онгоц үйдвэрлэгчид гадаадын түншүүдээс нэмэлт захиалга авсан юм. Түүнээс гадна оросын талаас урьд нийлүүлсэн ялангуяа ЗХУ-аас үлдсэн зэвсэг техникийг шинэчлэх гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлсэн» гэв.

Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн амжилт дэлхийн геополитикийн хүнд түвэгтэй байдалтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Зэвсэгт мөргөлдөөн гарсан нөхцөлд олон улс орон зэвсэг их хэмжээгээр худалдан авч байна. Гэвч оросын цэргийн байгууллагуудын ажил амжилт гаргах гол хүчин зүйл болсон юм.

Батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолбор цаашид өндөр түвшингээ хэвээр хадгалж чадах уу? Оросын цэргийн экспортын үлэмж хэсэг нь бүр зөвлөлт засгийн жилүүдэд боловсруулсан загваруудад тулгуурлаж байгаад хэдэн шинжээч анхаарал тавьжээ. Тэгвэл зөвлөлтийн зэвсэг техник хуучирсан цагт яах вэ? Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолбор шинэ сорилтыг зүй ёсоор давна гэж цэрэг-аж үйлдвэрийн комиссын гишүүн Виктор Мураховский үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдүгээ манай батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолбор бүх чиглэлээр шинэ үеийн зэвсэг техникт шилжиж байна. 5-7-10 жилийн дараа 5 дахь үеийн зэр зэвсэг экспортын үлэмж хэсэг болно. Одоо бид бараг 40 тэрбум долларын өртөг бүхий захиалга аваад байна. Энэ нь хэдэн жилийн туршид хийгдэх ажил» гэв.

Орос улс тэргүүлж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд идэвхтэй гаргана. Орчин цагийн уламжлалт зэвсэг техник нийлүүлэхийн хамт үйл ажиллагааныхаа шинэ чиглэлийг өргөжүүлэх юм. Юуны түрүүнд цэргийн бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэж, судалгаа хийнэ.