Японы парламентын сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын удирдагч Синзо Абэ бүс нутаг дахь Хятад улсын геополитикийн гол өрсөлдөгч - АНУ-тай цэргийн эвслээ бэхжүүлэх бодолтой байна. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой утсаар ярьж, энэ тухай мэдэгдэв. Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар Хятад улстай хэлэлцээ огт хийхгүй гэсэн Японы удирдагчийн мэдэгдэл Азид үр нөлөөний хүрээний төлөө тэмцэл эрс хурцдахыг дохиолон харуулав.

Барак Обама Синзо Абэд бусдаас түрүүн баяр хүргэв. Тэрээр Вашингтон, Токиогийн эвслийг бүс нутгийн энх тайван, цэцэглэлтийн ноён нуруу хэмээн нэрлэжээ. Синзо Абэ нам нь АНУ-тай цэргийн эвслийг бэхжүүлэх бодолтой байгаа хийгээд ерөнхий сайдын хувьд гадаадын анхны айлчлалаа чухам АНУ-д хийхээ батлан илэрхийлэв.

Японы Сайд нарын танхимын шинэ тэргүүн нар дипломат үйл ажиллагаагаа Вашингтонд хийх айлчлалаар уламжлал ёсоор эхэлдэг. Гэсэн ч «өнөөгийн нөхцөл байдал Хятад улсад айлчлахад таагүй байна» гэж урьд өмнө ямар ч ерөнхий сайд мэдээгдээгүй. Энэ нь Сенкаку (Дяоюйдао) арлуудыг эргэн тойрсон нутаг дэвсгэрийн маргаантай асуудалтай холбоотой. Үүний хамт Синзо Абэ Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Гэсэн ч энэ нь ёс төдий мэдэгдэл гэж Дорнодын их сургуулийн шинжээч Анатолий Кошкин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Яриа хэлэлцээ хийж, тэсвэр тэвчээртэй байхыг Синзо Абэ Хятад улсад уриалахын хамт Токиогийн бодлогын цэргийн талыг бэхжүүлж, тухайлбал японы зэвсэгт хүчний анги салбарыг эдгээр жижиг арлуудад байрлуулахыг мэдэгдэв. Энэ нь Хятад улсыг бухимдуулах хүчин зүйл болж мэднэ. Синзо Абэг дэлхийд ялангуяа Хятад улс, Солонгосын хойгт барууны үндэсэрхэг үзэл санаатай улс төрч бүр харцага хэмээн үздэг» гэв.

Японы Либерал-ардчилсан намын удирдагчийн сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа маргаантай арлуудад Хятадын эрх тогтоох аюулыг сөрөн зогсох уриан дор явагдав. Эдүгээ эдгээр арал Японы хяналтад байна. Ээлжит бус сонгуульд итгэлтэй ялсан явдал Синзо Абэг хатуу чанд шинэ мэдэгдэл хийхэд зоригжуулсан байж магадгүй. Дараа нь улс төрийн илүү хатуу алхам хийх бололтой. Тухайлбал Японы Үндсэн хуулийн цэрэг дайны эсрэг зүйл ангийг хянан үзэхийг оролдож болзошгүй.

Харин Бээжин ч хатуу бодлого явуулах шийдвэр төгс байгаагаа харуулав. Хятадын хөлөг онгоцуудыг маргаантай арлууд руу явуулсан. Өнгөрсөн долоо хоногт хятадын сөнөөгч онгоц санал зөрөлдөөн гаарснаас хойш анх удаа Дяоюйдао арлуудын дээгүүр нисэв. Японы сонгуулийн өмнө төдийгүй Нанжины аллага хядлагын ээлжит ойн өдөр нислэг хийжээ.

1937 оны 12-р сард япон-хятадын 2-р дайны үеэр Японы эзэн хааны цэргүүд Хятадын тэр үеийн нийслэл Нанжины энгийн олон арван мянган оршин суугчийг хөнөөжээ. Хятадын сөнөөгч онгоцны нислэг Хятад улсаас нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар найр тавихгүйг нотлон харуулав.

Хоёр талаас Азид үр нөлөө үзүүлэх хүрээг өргөжүүлэхийн төлөө тэмцэлд ямар ч хэрэгсэл хэрэглэхээс буцахгүй байх. Ийм нөхцөлд АНУ яах бол? АНУ Япон улсын өмнө цэргийн үүрэг хүлээсэн байна. Үүний хамт тус улс Зүүн Хятадын тэнгисийн арлуудыг эргэн тойрсон маргаанд аль ч талыг дэмжихгүй байх талаар Хятад улстай тохиролцсон юм.