Шинэ үндсэн хуулийн төслөөр явуулсан бүх ард түмний санал хураалтын эхний шатны дүнг Египетэд гаргаж байгаа ба эрх баригч дэглэмийн талынхан болон эсэргүүцэгчид өөрсдийн ялалтыг тэмдэглэж байна. Бямба гаригт саналаа өгсөн хүмүүсийн гуравны нэг нь тус улсын үндсэн хуулийн шинэ төслийг эсэргүүцсэн гэж сөрөг хүчин мэдэгдэж байна. Сонгогчдын 89% нь шинэ үндсэн хуулийн төслийг дэмжсэн гэж лалууд мэдэгдлээ. Бүх нийтийн санал хураах ажил амгалан тайван байсангүй. Каир хотод лалын хэт даврагсад “Шинэ Вафд” либерал намын төв байр луу чулуу, шатамхай шингэнтэй лонх зэргийг шидсэн байна. Манфалут хотын сонгуулийн хэсгийн дэргэд буудалцаан болсны улмаас нэг хүн амь насаа алдаж, хоёр хүн шархадсан байна. Санал хураалтад идэвхитэй оролцож, шинэ үндсэн хуулийн эсрэг саналаа өгөх зайлшгүй шаардлагатай гэж сөрөг хүчнийхэн уриалсны хүчинд бүх нийтийн санал хураалтын ирц маш өндөр байлаа. Хэдэн арван зөрчил гарсан гэж сөрөг хүчин мэдэгдсэн байна. Жишээ нь, нэгэн санал хураах хэсэгт бүх нийтийн санал хураалт эхлэхээс өмнө саналын хуудсаар дүүргэсэн хайрцаг олджээ. Хоёр дахь шат болж өнгөрөх 12-р сарын 22-ноос хойш бүх нийтийн санал хураалтын албан ёсны дүнг зарлах юм.