Америкийн Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуульд  27 хүний алтан амь цуст аллаганы золиос боллоо. Тэдгээрийн ихэнхи нь таваас арван насны хүүхдүүд. Алуурчин  20 настай Адам Ланза гэгч байжээ. Тэр өөрийнхөө амийг егүүтгэсэн юм. Насанд хүрэгчдээс түүний эх болон тус сургуульд ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч нарын таван хүн алуурчны золиос болсон. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама уг эмгэнэлт явдалтай холбогдуулан тус улсад дөрвөн өдрийн гашуудал зарласан.

Америк орны одоо тавьж байгаа хамгийн гол асуулт бол энэ бүгдийг хэзээ дуусгах юм бэ? Коннектикутын үй олон хүний аллага нь америкийн боловсролын байгууллагад гарсан эмгэнэлт явдлын анхных огтхон ч биш юм. 2007 онд Виржиния мужид Политехникийн их сургуулийн танхим дотор олноор нь хүмүүсийг буудан хороосон. Тэр үед 32 хүн алагдсан. 1999 оноос эмгэнэлт явдлууд нь аймшигтай давтагдах болсон. Обамаг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд л гэхэд, аз болоход арай бага тоотой гэхүү дээ, эмгэнэлт явдал таван удаа гарч байжээ.

Эмгэнэлт явдал болсны дараа Барак Обама Цагаан ордонд хэлсэн үгэндээ, Америк орон иймэрхүү аймшигт эмгэнэлт явдлуудыг олонтоо тууллаа. Тэдгээрийн үр дагаварыг мартахын аргагүй хэмээн хоолой нь зангирч, нулимс унагав.

«Улсынхаа хувьд бид үүнийг дэндүү олон удаа давлаа. Ньютануы бага сургууль ч бай, Орегоны шоппинг-мол ч бай, Висконисын сүм ч бай, тэр ч бүү хэл Чикаго хотын гудамж талбай. Эдгээр нь бүгд манай хотууд, манай орон сууцны хорооллууд. Бүх хүүхдүүд - манай хүүхдүүд. Ийм төрлийн эмгэнэлт явдлуудыг давтагдахаас сэрэмжлэхийн тулд бид сэтгэлийн хаттай байж, шийдвэртэй арга хэмжээ авах ёстой юм» гэж Обама хэллээ.

Одоо гол асуудал чухам ямар шийдвэртэй арга хэмжээг авахыг Обама амлахнав. Бас үүнийгээ тэр хийж чадах уу? гэдэгт оршиж байна. Түүнийг ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд АНУ зэвсгийг хянах тухай хуулийг чангатгаагүй, бүр эсрэгээр Америкийн зарим мужуудад сулруулсан гэж үзэж байгаа.

АНУ-д хууль бус зэвсгийн наймааны хяналтыг чангатгахыг дэмжидэг нэртэй хүмүүсийн нэг бол Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг юм. Тэрээр Коннектикутын эмгэнэлт явдлын дараа хийсэн мэдэгдэлдээ, байдал туйлын тэвчихийн аргагүй болж байна. Үй олноор нь хядах ажиллагаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарлаа гэхэд итгэмээргүй юм. Зүгээр л “ шийдвэртэй” арга хэмжээ авна гэх нь хангалтгүй болоод байна. Ерөнхийлөгч конгрессд тулгамдсан асуудлуудыг даван туулахтай холбогдолтой хуулийн төслийг ирүүлэх хэрэгтэй байна гэв.

Америкийн бага сургуульд гарсан аймшигт эмгэнэлт явдалтай холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, дэлхийн олон орнуудын төрийн тэргүүн нар, тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гүн эмгэнэл илэрхийлээд байна.