“Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийн хөтөлбөрөө толилуулахад бэлэн болоод байна. Өнөөдөр бид та бүхнийг 20-р зууны нэрт хөгжмийн зохиолч Георгий Свиридовын уран бүтээлээс танилцуулна.

Энэ бол оросын суу билэгт их зохиолч Александр Пушкины “Цасан шуурга” туужид зориулсан хөжгмийн зураглал юм.

60-аад оны эхэн үед Свиридов уг бүтээлээр хийсэн киноны хөгжмийг бичсэн юм. Үүний дараа киноны хэсгүүдэд зориулж бичсэн хөгжмөө нэгтгэн сюит болгосон. Георгий Свиридовын симфони найрал хөгжимд зориулсан хөгжмийн энэхүү долоон бүтээлд Пушкины үеийн болон оросын байгалийг дүрсэлсэн янз бүрийн дуу аялгуу болон хөг хэмнэлүүд байдаг.

(Та бүхэн “ Хавар, намар” бүтээлийг сонсож байна.)

“Цасан шуурга” туужийн үйл явдал 19-р зууны эхэнд болдог. Оросын нэгэн эдлэн газар сайхан сэтгэлт Гаврил Гаврилович гэгч ноён аж төрдөг байжээ. Тэр зочломтгой сайхан зантайгаараа нэрд гарсан хүн байв. Хөршүүд нь түүнд ирж идэж, уухын зэрэгцээ үзэсгэлэнтэй сайхан Маша охиныг нь харахаар очдог байв. Бүсгүй хөрөнгө чинээтэй тооцогддог бөгөөд олон хүн түүнтэй гэрлэхийг боддог байв.

Гэтэл баян ноён нэг л хүнийг зочилж ирэхэд их дургүй байжээ. Тэр бол ядуу торгон цэрэг Владимир байв. Хувь тавилангийн эрхшэлээр Маша охин чухам түүнд хайр сэтгэлтэй болсон байв. Залуу хүмүүс хоорондоо хайр сэтгэлтэй болсон байлаа. Тэд бие биедээ захидал бичиж, нууцаар уулзалддаг байв. Нэгэн удаа тэд нууцаар зугтан, сүмд очиж бурхны өмнө гэрлэхээр шийджээ.

Оргохоор товлосон өдөр маш хүйтэн, гадаа цасан шуургатай байлаа. Бүсгүй чарганд сууж, хөлөглөсөн гурвал морьд зэргэлдээ суурингийн сүм рүү давхилаа. Тэнд ламтан ирцэн хүлээж байв.

(Та бүхэн Георгий Свиридовын “Гурвалсан морьд” бүтээлийг сонсож байна. )

Энэ үеэр Владимир Машаг тосохоор гарлаа. Цасан шуурга нүүр нүдгүй нүднэ. Гадна таг харанхуй. Владимир тун удахгүй замдаа төөрч, зам руугаа эргэж орох гэсэн боловч амжилтгүй байлаа. Тэгээд тэр дөнгөж өглөө үүр цайх үед сая нэг юм сүмд хүрч иржээ.Хаалга хаалттай байлаа.

Дараа өдрийн өглөө Маша орноосоо босч чадсангүй, тэр бүр халуурснаасаа болж дэмийрч байлаа. Түүний эцэг, эх тэдний охин торгон цэрэгт сэтгэлэтэй болсныг ойлгожээ. Маша охиныхоо биеийг хурдан тэнхэрүүлэхийн тулд эцэг, эх хоёр түүний хүсэлийг биелүүлэх гэж Владимирыг гэртээ урьжээ. Гэтэл тэр тэдний урилганы хариуд захидал бичиж, дахиж хэзээ ч тэдний хаалгаар шагайх ч үгүй гэжээ.

Гаврил Гаврилович удалгүй нас барж, Маша эцгийнхээ өвийг залгамжилж үлдэжээ. Тэр ээжийнхээ хамт өөр тосгонд нүүж очжээ. Маша Владимирын зурсан зургууд, хөгжмийн нотнууд болон бичсэн шүлгүүдийг нь нандигнан хадгалж байлаа. Гэхдээ түүнийг эргүүлэх гэсэн Владимирын чармайлтуудад тэр татгалзаж байв. Владимир цэрэгт явж, хожим нь тэр Бородины тулалдаанд амь үрэгджээ… (Хөгжим)

Машагийн эдлэн газартай зэрэгцээ торгон цэргийн хурандаа Бурмин амьдардаг. Маша, тэр хоёр бие биедээ таалагдаж, өдрөөс өдөрт тэр хоёрын үерхэл улам бэхжинэ. Бүх хөршүүд тэднийг бодол санаандаа аль эрт гэрлүүлсэн байдаг. Гэтэл Бурмин Машад сэтгэлийнхээ үгийг ер хэлдэггүй. Бүсгүй түүнд ямар нэгэн нууц нуугдаж байна гэж тааварлана. Тэгээд тэрхүү нууцыг мэдэхээр шийднэ.

Гэтэл Бурмин өөрийн хайр сэтгэлээ Машад нээхээр шийднэ. Тэр түүнд аль хэдийнэ харйтай болсон тухайгаа ярина. Гэхдээ түүнтэй хуримлаж чадахгүй, яагаад гэвэл тэр дөрвөн жилийн өмнө гэрлэсэн. Гэхдээ түүний эхнэр хэн болох хийгээд нэрийг нь хэн гэдэг, тэр бүсгүй хаана амьдардагийг мэдэхгүй гэж хэлнэ. (Хөгжим)

Маша, Владимир хоёрын сүмд нууцаар гэрлэх гэж байсан тэр өдөр Бурмин тэдний хороо түр зогсоод байсан хот руу явж байжээ. Тэгтэл маш айхтар хүчтэй цасан шуурга тавьжээ. Тэр түүнийг ямар нэгэн юм түлхэсэн мэт шуургыг хүлээхгүй явахаар шийдсэн. Гэтэл морь тэрэгчин замаасаа төөрсөн байлаа, тэгтэл нэгэн тосгоны сүмийн гэрэл харагджээ.

Бурминыг сүмд оронгуут л босгоноос нь түүнийг хуримлагч залуутай эндүүрчээ.Тэр гэрлэлтэнд татгалзсангүй. Зохих зан үйлийг явуулсны дараалам залуу хосыг үнсэлцэхийг шаардав. Тэгтэл бүсгүй “Тэр биш байна дээ» гэж хашгирчээ тэгээд ухаан алдав. (Хөгжим)

Тосгон руу ямар замаар очдог, ямар нэртэй тосгон байсныг Бурмин огт мэдэхгүй байжээ. Харин одоо тэр жинхэн амьдралынхаа ханьтай таарсан, гэтэл тэр бурхны өмнө гэрлэсэн учир, хайртай бүсгүйтэйгээ гэрлэж чадахгүй. Тэр өөрийн хөнгөн хийсвэр явдлаас болж ингэж бүх насаараа хорлогдсон ажээ.

Энэхүү сэтгэл хөдлөм түүхийг Маша сонсоод “Бурхан минь, бурхан минь!Тэр чинь чи минь байсан юм уу! Тэгээд намайгаа танихгүй байна уу ?”гэж дуу алдав...Ингэж нэг юм Бурмин өөрийн эхнэртэйгээ танилцжээ.

Александр Пушкины бүтээл “Цасан шуурга “ туужид оросын нэрт хөгжмийн зохиолч Георгий Свиридовын бичсэн хөгжмийн бүтээлтэй танилцуулах манай хөгжмийн нэвтрүүлгийг бид гайхамшигтай вальсаар өндөрлөж байна. (Хөгжим)