НҮБ-ын АЗ БНАСАУ-ын пуужинг хиймэл дагуулын хамт хөөргөсний хариу арга хэмжээг лхагва гаригт авна. Шуурхай хуралдааныг Япон, АНУ санаачилжээ. Орос улс энэхүү асуудлыг НҮБ-ын АЗ хуралдаан дээр дэмжинэ. Энэ тухай оросын ХМХ-үүд гүйцэтгэх засаглалын эх сурвалжаас иш татан мэдээлж байна.

БНАСАУ-ын пуужин хөөргөсөн нь гүн харуусал төрүүлж байна гэж ОХУ ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ. Энэхүү явдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтуудын эсрэг, ялангуяа, ОХУ-ын уриалгын эсрэг хийгдсэн. Пхеньян нь НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-д баллистик технологийг ашиглаж пуужин хөөргөхийг хориглосон тогтоолыг зөрчсөн гэж Москва цохон тэмдэглэж байна.

БНАСАУ-ын пуужин хөөргөсөн энэхүү явдлыг АНУ, Япон болон Өмнөд-Солонгос буруушааж байна. Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Батлан хамгаалах үндэсний зөвлөлийн шуурхай хуралдааныг явуулав. Уг арга хэмжээн дээр Умард-Солонгосын пуужин, хиймэл дагуулын хамт хөөргөснийг Солонгосын хойгт болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ.

Токио Пхеньяныг эрс эсэргүүцсэн бөгөөд пуужин хөөргөсөнтэй холбогдуулан гүнээ харуусч байгаагаа илэрхийлсэн.Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фудзимура НҮБ-д нэмэлт хориг арга хэмжээг авах саналыг тавьлаа. АНУ-ын засаг захиргаа уг нислэгийг өдөөн хатгасан арга хэмжээ гэж нэрлэжээ. Пхеньян нь НҮБ-ын нилээд хэдэн тогтоолуудыг зөрчсөний улмаас тус улсад үр дагаварууд нь гарах болно.

НҮБ-ын АЗ дээр хэлэлцэх энэхүү асуудлыг Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Солонгос судлалын хөтөлбөрүүдийн захирал Георгий Толорая “Оросын дуу хоолой” радиод тайлбарлахдаа:

«Оросууд бид бол НҮБ-ын тогтоол, шийдвэрүүд нь биелэгдэх ёстой гэж үздэг. Бид Умард-Солонгосыг сансрын судлагаа хийх эрхтэй гэж үзэж байна, гэхдээ баллистик технологийг ашиглаж пуужин хөөргөхийг хориглосон НҮБ-ын хоригтой холбоотой бүх асуудлыг зохицуулсаны дараа. Тиймээс хоёр асуудлыг хооронд нь ялгаж салгаж үзэх хэрэгтэй.

Бид НҮБ-ын АЗ-ийн хэлэлцэх асуудлыг дэмжиж байна, ингэхдээ бид үүнийг хоригуудыг автоматаар чангатгана гэж үзэхгүй байна. Миний бодлоор бол БНАСАУ-ыг цаашид шийтгэх асуудал дээр Хятад улс нилээд хүлээцтэй байр суурийг баримтлах болов уу» гэлээ.

Лхагва гаригийн өглөө БНАСАУ хүнд пуужинг хиймэл дагуулын хамт хөөргөв. Хожим нь Пхеньян мэдээлэхдээ, эрдэм-шинжилгээний хиймэл дагуулыг амжилттай тойрог замд оруулсан гэсэн. Пуужингийн эхний хэсэг Шар тэнгист, хоёрдахь нь Зүүн-Хятадын тэнгист унажээ.

Гуравдахь нь Номхон далайд унав. Пуужингийн хэсэг унасан гурван газар бүгд Өмнөд-Солонгос болон Филиппинээс 200 км зайд унасан байв. Пуужингийн бүх хэсгүүд нь өмнө нь Пхеньяны олон улсын байгууллагуудад шилжүүлсэн солбицолуудад унажээ.