2012 онд «террорын ажиллагаа тогтонги байсан» гэж шинжээчид үзэж байна. Хэт даврагч байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа ерийн хэмжээнээс хэтрээгүй. Байдлыг хяналтдаа авсан гэж янз бүрийн орны тусгай албад мэдэгдэж байна. Зөвхөн Сири улсын байдал өөр байна. Тус улсад энгийн иргэдийн эсрэг террорын ажиллагаа бараг ерийн үзэгдэл болсон юм. Гэвч өрнөдийнхөн эдгээр ажиллагааг санаатайгаар тоомсорлохгүй байна.

Өнөөдөр дэлхийд хэдэн зуун судалгааг терроризмын асуудалд зориулжээ. Гэвч шинжээчид мөн үзэгдлийн иж бүрэн тодорхойлолтыг өнөө болтол зохиогүй байна. Терроризмын эсрэг чухам ямар арга ажиллагаа үр бүтээлтэй байгаа асуудлаар ч санал зөрөж байна. Одоогоор террористуудын гол зорилго энгийн номхон оршин суугчдыг мэгдэн сандрахад хүргэж,төлөвшсэн системийг эвдэн сүйтгэхэд оршино гэж «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан олонхи шинжээч үзэж байна. Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн захирал Александр Коновалов мөн саналыг дэмжин хэлэхдээ

«Дайны шинэ хэлбэрийн талаар өгүүлж болно. Эдгээр хэлбэр иргэд сандарч, төрөөс өөрсдийг нь хамгаална гэдэгт үл итгэхэд хүргэж, эдийн засгийн хэлхээ холбоог эвдэж, зах зээлийн үйлдвэрлэл эрхлэлтийн систем, ардчилсан үнэ цэнэт зүйлд цохилт өгөхэд чиглэгдсэн юм. Биеэ хамгаалах төрөлхи авьяасгүй зэрлэг этгээдүүд хөгжингүй соёл иргэншлийг дайрвал амжилт гаргаж мэднэ» гэлээ.

Сүүлийн үед олон улсын терроризм өөрчлөгдөж эхлэснийг үүний хамт шинжээчид тэмдэглэж байна. Энэ хувирал араб дахины хувьсгалтай холбоотой. Урьд энгийн номхон иргэдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй байсан радикал хүчин өнөөгийн дэглэмүүдийг эсэргүүцэж эхлэв. Одоо засгийн эрхэнд гарахыг тэд улайран оролдож байна. Радикал хүчин нааштай хөтөлбөртэй эсвэл урьдын адил эвдэн сүйтгэх зорилготой байгаа нь одоогоор тодроогүй байна. Террористууд бүр мөсөн өөрчлөгдөх жишээ дэлхийн түүхэнд гарсан гэж цэргийн шинжээч Павел Фельгенгауэр дурдаад

«Терроризм бол улс төрийн тэмцлийн арга барил юм. Засгийн эрхэнд гарсан террористууд улс төрч болж хувирдаг тохиолдол гарсан. Жишээ нь Ирландид террорист байсан этгээдүүд Ирландийн бүгд найрамдах намын хүрээнд терророос холдож, улс төрчид болсон. Одоо тэд парламентад ажиллаж байна» гэлээ.

Гэвч эрх чөлөөний төлөө тэмцэгчид хэмээн өөрсдийгөө зарласан Ойрхи Дорнодын террористууд жинхэнэ улс төрчид болж хувирах баталгаа алга. Эдүгээ Орос улс Сирид террорын ажиллагаа явуулж байгаа террористуудыг эрх баригч дэглэмийн статустай болгохыг саатуулж байна гэж Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов үзэж байна. Энэ нь ливийн хувьсгал гэгчийг дэмжсэн АНУ-ын элчин сайдыг хөнөөсэн ливийн «эрх чөлөө» гэгчийн хувилбарлыг Сири улсад давтуулахаас сэрэмжилж мэднэ.