ИТАР-ТАСС агентлагийн Улаанбаатараас мэдээлж байгаагаар, Монгол улсын эвслийн засгийн газар нь авилгын хэргээр шүүхээр шийтгэгдэж, одоо шоронд байгаа тус улсын ерөнхийлөгч асан, одоогийн МАХН-ын тэргүүн Н.Энхбаяраас болж тарах аюулд ороод байна. МАХН-ын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдлийн дагуу, тус нам нь хэрэв Н.Энхбаярын ялыг дахин хэлэлцэхгүй юм бол эвслийн засгийн газраас гарахаар төлөвтэй байгаа гэжээ.

Уг баримт бичигт өгүүлснээр, МАХН-ын гүйцэтгэх товчооны хуралдаанаас Н.Энхбаяртай холбогдолтой нилээд хэдэн асуудлаар шийдвэр гаргажээ. Тухайлбал, МАХН үзэхдээ, тус намын тэргүүн Н.Энхбаярыг шоронд хорьж, түүний эсрэг зохиомол хэрэг гаргасан нь улстөрийн шинжтэй хэлмэгдэл юм гэжээ. Тус намын хэвлэлийн мэдээнд, Эрх баригчид эдгээр хэлмэгдүүдийг таслан зогсоохыг оролдохгүй байна,тиймээс нам өөрсдийн гишүүдийг засгийн газрын бүрэлдэхүүнээс татаж, үүнтэй холбоотой үүсч болох тогтоворгүй байдлын хариуцлагыг хүлээхгүй гэжээ.

МАХН-ын холбогдох мэдэгдэл нь ирэх баасан гаригт Н.Энхбаярт холбогдолтой хэргийн шүүх хурал Монгол улсын Дээд шүүх дээр болохтой холбоотой аж. Өнгөрсөн 8-р сард түүнийг авилгын хэрэгт буруутгаж, шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон юм. “Уг хэрэг эерэгээр шийдэгдэнэ гэх бүрэн итгэл алга, тиймээс бидэнд ЗГ-ын бүрэлдэхүүнээс гарахаас өөр зам үлдээгүй” гэж МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн мэдэгдэв .

Хэрвээ МАХН эвслийн ЗГ-аас гарахаар зарлавал, энэ нь тус улсын парламентын сонгуульд ялсан Ардчилсан намын улс төрийн хүнд нөхцөлд байгуулсан эвслийн засгийн газрыг тараахад хүргэж мэднэ.