Хятад улс дэлхийн зах зээлийн төлөө тэмцэлд хэт гүрэн улсаас тэргүүлэв. Хятад улс дэлхийн 127 улсын худалдааны тэргүүлэх түнш боллоо. 76 улсын худалдааны үлэмж хэсэг нь АНУ-д ногдож байна. Энэ рейтингээр Хятад, АНУ хоёр дөнгөж зургаан жилийн дотор эзлэх байраа сольж, Хятад улс тэргүүллээ. Тэгэхдээ Өмнөд Солонгос, Австрали зэрэг АНУ-ын холбоотнуудын зах зээлд ч тэргүүн байранд оржээ.

Энэ нь Дэлхийн 2-р дайнаас хойш дэлхийн хүчний харьцааны хүрээнд гарсан эрс эргэлт юм. Тэгснээр дэлхийн бараа таваарын хөдөлгөөн, бизнесийн урьтал Африк, Австралиас аваад АНУ хүртэл өөрчлөгдөж байна. Хятад улс өнгөрсэн зууны 90-д онд хямд цамц, тоглоом дэлхийн зах зээлд гаргаснаараа урагш ахиж эхлэжээ. Эдүгээ Хятадын нефть болон өөр төрлийн түүхий эдийн экспорт Ази, Африк, Латин Америкийн олборлогч салбаруудыг цэцэглэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна.

Хятадын «их үсрэлт» маш эрчимтэй болсон учир тус улсын үйлдвэрууд одоо дэлхийд олборлосон төмөр хүдрийн тэн хагасыг хэрэглэж байна. Үүний хамт Хятад улс гангийн томоохон нийлүүлэгч болсон. Хятад улс АНУ-тай дэгдсэн маргаанд зэсийн томоохон үйлвэрлэгч Замби, Чили хоёр улс болон нүүрс, төмөр хүдрийн тэргүүлэх нийлүүлэгч Австралийг өөрийн талд татан оруулж амжив.

Түүнчлэн Хятад улс Өмнөд Солонгос, Малайзийн зах зээлүүдэд АНУ-ыг ардаа үлдээж, дээд зэргийн технологийн үйлдвэрлэлийн эд ангийн гол захиалагч болов. Samsung, Nokia бүр америкийн Apple зэрэг лут том цахим компани угсрах үйлдвэрлэлээ Хятад улсад шилжүүлжээ.

Ажиллах хүчин ба бараа таваарын өртөгийн өөр бүрэлдүүн хэсгийн хямд үнэ өрсөлдөөнд Хятадын давуу тал болсон. Гэвч АНУ-д «занарын хувьсгал» Хятадыг давуу талгүй болгож мэднэ гэж Даярчлалын хүрээлэнгийн захирал Михаил Делягин үзэж байна.

«Эрчим хүчийг хямдруулсан явдал АНУ-ын өрсөлдөх чадварыг сэргээв. АНУ-аас гадаадад шилжүүлсэн үйлдвэрийн газруудыг буцааж эхлэв. Ийм нөхцөлд хятадын өрсөлдөөн АНУ-д аюултай биш байна. АНУ энергийн өөрийн өртөгийн талаар давуу болсон нь эцсийн бүтээгдэхүүний үнийг хямдруулж мэднэ» гэж Михаил Делягин тэмдэглэн хэллээ.

Нефть, байгалийн хий ойрын жилүүдэд зах зээлийн төлөө тэмцэлд БНХАУ, АНУ-ын гол зэвсэг болно. Хятадыг нефтийн эх сурвалжгүй болгохын тулд АНУ-аас «арабын хувьсгал» болон Африкт улс төрийн өөрчлөлтийг өдөөн дэмжсэн гэж олонхи шинжээч үзэж байна. Юуны түрүүнд Ливи, Суданы нефтийг үүнтэй холбогдуулан дурдая. Иран ба Персийн булангийн тойрны түгшүүртэй байдлыг мөн зорилгод захирдуулжээ. АНУ-ын Ази Номхон далайн бүс нутагт буцах стратеги ч Тэнгисийн цэргийн цохилтын хүчээ Венесуэл, Нигери, Судан, Ойрхи Дорнодоос нефть Хятадад тээвэрлэх гол замд байрлуулахад тулгуурлсан юм.

Гэсэн ч дэлхийн зах зээлийн төлөө Хятад, АНУ-ын тэмцэлд «валютын дайнд» ялсан тал л тэргүүлнэ гэж улс төр судлаач Михаил Хазин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Дэлхий дахин валютын хэдэн бүст хуваагдах бололтой. АНУ эсвэл Хятад улс ийм илүү өргөн бүстэй болох нь ялагч, ялагдагчийг тодруулна. Гэвч эл асуудалд одоогоор хариу өгөх аргагүй. Дэлхийн зах зээлийн төлөө тэмцэл валютын зах зээлийн төлөө тэмцэл болон хувирч мэднэ. Энэ нь ойрын 3-5 жилд дэлхийн геополитик, эдийн засгийн хүрээнд хамгийн сонирхолтой үйл явдал болно» гэв.

Чухамхүү энэ завсар хятадын луу дэлхийн эдийн засгийн хүрээнд тэргүүлэх бодолтой байна. Хүчин чадал нь суларсан бар гэмээр АНУ одоогоор ухарч байна. Гэвч энэ бар савар нь гэмтсэн ч луугийн сүүлийг хазах чадалтай байгааг харуулсан шинж тэмдэг мэдрэгдэв.