Москва хотноо 1911-1917 онд Оросын буддын шашинтнуудын бандид хамба лам байсан, “амьд бурхан” Итгэлтийн төрсний 160 жилийн ойд зориулсан үзэсгэлэн зохиогдлоо. Дэлхийн буддын шашинтнуудын дунд Итгэлт хамбыг бишрэн шүтэх нь түүний амьдралтай холбоотой төдийгүй, түүний бие баралт нь буддын шашны агуу их ариун шүтээн болсонтой холбоотой.

Үзэсгэлэн дээр Итгэлт хамбын хувийн эд зүйлсийг дэлгэн харуулжээ. Үүнд: баримт бичгүүд, гэрэл зурагнууд болон өнгөрсөн зууны эхэн үеийн баримтат дүрс бичлэгүүд байна. Үзэсгэлэнд түүний амьдралын бүхий л үе шатыг харуулжээ.Үзмэрийн самбаруудад мал маллаж амиа зогоодог, өнчин өрөөсөн болоод дандаа би тэргүүн хамба болно гэж ярьж явдаг нэгэн сонин хүүгийн тухай өгүүлсэн зураасан зургууд байна.

Мөн энд түүний Буриадын хийдэд шавилж байсан он жилүүдийн тухай болон багшилж байсан тухай ч мэдэж болох юм. Тэр эх орныхоо төлөө зүтгэж байсан тухай ч байна. 1911 онд Итгэлт хамба Оросын их хаанд тангараг өргөжээ. Энэ тухай Итгэлт хамбын хүрээлэнгийн захирал, хамбын зээнцэр Янжмаа Васильева хэлэхдээ

«Тэр Оросын их хаан II Николайд бичгээр тангараг өгч, тэдний гэр бүлд үнэнч зүтгэнэ гэж тангараглаж байжээ. Хувьсгал болж, хааныг засгийн эрхээс түлхэн унагахад тэр өөрийн биеийг мөн адил суудлаасаа огцрох ёстой гэж үзсэн юм. Дашрамд хэлэхэд, тэр энэ бүх хугацаанд Буриадад амьдарч хөдөлмөрлөж байжээ. Тэр ганцхан удаа нутгаасаа гарч явсан нь 1913 онд хаан Романовынхны 300 жилийн ойг ёслон тэмдэглэх үеэр Петербург рүү явжээ. Тэр Хааны ордны хүндэтгэлийн зоогт уригдсан байсан аж» гэлээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Итгэлт хамба Бүх буриадын фронтын тусламжийн нийгэмлэгийг санаачлан байгуулжээ. Энэ тухай Янжмаа Васильева өгүүлэхдээ

«Дэлхийн нэгдүгээр дайнд олон буриад хүн оролцож байсан. Итгэлт хамба фронт руу болон фронтын ар талд өөрийн лам нарыг болон цэргийн эмнэлгүүд рүү маарамбуудыг илгээж байсан. Тэр өөрөө буриадын хийхдүүдийг тойрч хөрөнгө цуглуулж, түүгээрээ Петербургэд цэргийн эмнэлэг байгуулсан. Цугларсан хөрөнгө нь фронтын хангамжинд явж байлаа.

Үнэн алдартны, лалын шашинтнуудын баярт дайчдад зориулж илгээмж явуулж байх түүний даалгавруудыг бид олж авсан. Ингэж түүний буддын шашинтны нигүүлсэн энэрэнгүй сэтгэл биелэлээ олж байсан юм. Эдгээр үйлсийнх нь төлөө II Николай хаан түүнийг Ариун Анны II зэргийн одонгоор шагнаж байв» гэв.

1917 оны Хувьсгалын дараа Итгэлт хамба нь өөрийн бурхан шашины тэргүүний бүрэн эрхээс татгалзаж, өмнө нь шавилж байсан Янгажины хийдэд буцаж иржээ. Тэнд тэр гүн ухаан болон анагаах ухааны бүтээлүүдээ туурвисан байна.

1927 онд Итгэлт хамба ертөнцийн мөнх бусыг үзэх гэж байгаа тухайгаа өөрийн шавь нарыг цуглуулж хэлжээ. Ингээд хамбын захиснаар, түүнийг 6 хоногийн дараа оршуулжээ. Бясалгалын 7 дахь өдөр нь хамбын толгой цээж рүү гээ буусан байв.Ингээд шавь нар нь хамбын захиснаар түүнийг очир завилуулж, хуш модоор хийсэн хайрцагт хийж оршуулжээ.

2002 онд хамба ламын гэрээслэлийн дагуу анагаахын шинжээчид, эрдэмтдийг байлцуулан хайрцагийг нээж, хамбын бие ямарч өөрчлөлтгүй, очир завилж суусан хэвээр байхыг харжээ. Тэр үед Оросын Буддын шашинтнууд Итгэлт хамбын тэлсэн биеийн үнэн учрыг олох болон сүсэгтэн олонд мөргөх боломж олгох үүднээс Ивогины хийдэд байрлуулахаар шийдвэрлэсэн.

Тусгайлан барьсан дацанд Итгэлт хамбад зориулж шилэн бунхан барьжээ. Уг ариун шүтээнд мөргөх гэсэн сүсэгтэн олны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Сүсэгтэнүүд эмгэг өвчнөөсөө гайхалтай салсан тухайгаа ярьцгааж байна. Харин түүний биеийн энэхүү гайхамшгийг тайлах нь тийм ч амаргүй бололтой. Анагаах ухааны шүүх-эмнэлгийн шинжээчдийн ярьж байгаагаар, түүний биеийн байдал яг л уг хүн хоёр өдрийн өмнө нас барсан юм шиг байдаг, ингэхдээ түүнийг занданшуулах юм уу, ямар нэгэн өөр аргыг хэрэглээгүй гэдгийг тогтоосон.

Тэр ч битгий хэл дараа дарагийн шинжилгээнээс үзэхэд, түүний бүхий л амьдралын үйл ажиллагаанууд нь хадгалагсан бөгөөд нилээд олон дахин удааширсан байна, жишээ нь эсүүд нь хуваагдаж байна. Буддын шашинд задлан шинжилгээ хийхийг хориглодог учраас шинжилгээний ажил үүн дээр дуусч, эрдэмтэд ч “Итгэлт хамбын гоц үзэгдэл “түүхэн дээр зогслоо.

Менделеевын нэрэмжит Оросын хими-технологийн дээд сургуулийн профессор Александр Хачатуров үзэхдээ, Итгэлт хамбын тухай ярихын тулд түүнийг тодорхой байгалийн ухааны мэдлэгүүдээр төдийгүй цаг хугацаа, орон зайн хэмжээнд задлаж үзэх хэрэгтэй юм гэжээ. Магадгүй, түүний энэхүү хосгүй түүх бүх шинжлэх ухаанд төдийгүй соёл иргэншлийн хөгжилд шинэ түлхэц болж мэдэх юм гэж үзэж байна.

«Хамбын биеийн халуун болон чийг нь өөрчлөгддөг, тэр бүр хөлөрдөг, үүнийг түүн дээр ирсэн олон сүсэгтэнүүд харж болох бөгөөд тэр яг л болж байгаа бүх юмыг мэдэрч байгаа мэт. Итгэлт хамба гадаад орчинтой ямар нэгэн энергийн болон мэдээллийн солилцоонд байгаа юм шиг байдаг. Энд юуны өмнө материйн мэдээллийн мөн чанарын тухай яригдаж байгаа байх л даа.

Ийм таамгийг хэлэх болсон нь Никола Теслагийн энерги нь мэдээллээс гардаг гэх санаатай холбоотой.Магадгүй, тэр өөрийн оюуны практикаараа, өөрийн биед болж байгаа бүхнээр дэлхий ертөнцид нөлөөлж байгаа ч юм билүү. Үүгээрээ тэр бидэнд оюун санаа, материаллаг ертөнц хоёр нэг гэдгийг ойгуулахыг хүсч байж болзошгүй юм» гэж Александр Хачатуров хэллээ.

Бүхий л таамаг, тааврууд нь энэхүү оньсогыг хараахан тайлахад тус болохгүй л байна. Гэхдээ тэр буддын шашинтан төдийгүй өөр олон хүмүүсийн сонирхолыг зүй ёсоор татаж байна. Ертөнцийн сүйрлийн тухай ярьцгааж байгаа энэ мөчид хэн нэгэн энэхүү үйл явдалд ямар нэгэн тэмдэг хайж байна. Дэлхийн сүйрэл биш юмаа гэхэд амьдралыг шинээр эхлэнэ. Харин буддын шашинтай хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Буриадын Иволгийн дацанг зорин “өөрийн бие баралтаар“ гайхшруулсан Итгэлт хамба “юу хэлэхийг “ сонсохоор ирсээр байна.