ШХАБ-ын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог давшингуй хөгжүүлэхийг Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев уриалав. Тэрээр Киргизийн нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр энэ тухай мэдэгдэв. Гишүүн орнуудын үйл ажиллагаа түүний дотор эдийн засгийн бодлогын зохицуулалтыг боловсронгуй болгох нь зайлшгүй чухал гэж Оросын ерөнхий сайд үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн байдал урьдын нэгэн адил хүнд түвэгтэй байна. Гэвч ШХАБ-ын гишүүн орнууд түүний нэлээд хурц үеийг амжилттай давж байна. Хүчин чармайлтаа нэгтгэж, эдийн засгийн бодлогыг уялдуулан зохицуулах нь ШХАБ-ын гишүүн орнуудад тулгарсан гол зорилт юм. Бишкекэд Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев энэ тухай өгүүлээд

«Түншүүд маань тусдаа хэрэглэх хиймэл дагуулын холбооны хөдлөх системийг байгуулах тухай орос-хятадын саналыг сонирхоно гэдэгт найдаж байна. Түүнийг хэрэглэснээр гар утас болон алсаас боловсрол эзэмших, эмчилгээ хийх нэмэлт боломжийг бий болгох юм. Манай улс орнуудын хооронд ачаа тээвэрлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах орчин цагийн найдвартай тээвэр-логистикын сүлжээг байгуулах нь чухал чиглэл юм.

Олон улсын автомашины тээвэрлэлтэд тааламжтай нөхцөл бүрдүүлэх тухай хэлэлцээр бараг бэлэн байна. Бид засгийн газар, ШУ, үйлдвэр худалдааны бүлгийнхний ашиг тустай талбар болох ШХАБ-ын эрчим хүчний клубын хүрээнд ажиллахын төлөө байна. Энэ нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд хамаатай нийтийн зорилт» гэв.

Түүнээс гадна Орос улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалж байсан үедээ боловсруулсан үзэл санааг хэрэгжүүлэхэд оролцохыг түншүүддээ санаачлав. Орос улсын дамжин нэвтрэх чадавхи болон ачаа тээвэрлэлтийг тасралтгүй хангах орчин цагийн технологийг хэрэглэх саналуудын талаар өгүүлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао ч эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай өгүүлэв. Түүний хэлснээр хамтын төсөл, үйлдвэрийн газар түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнуудын үйлдвэрийн газруудад зориулсан зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. Хүнсний аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа гол зорилтын нэг гэж тэрээр хэлээд

«Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх хэрэгтэй. Олон улсын үр тарианы зах зээлийн тухайн байдлын хэлбэлзэл эдийн засгийн аюулгүй байдал бүр ШХАБ-ын гишүүн орнуудын нийгмийн тогтвортой байдлыг хохироож мэдэх гол хүчин зүйлийн нэг болсон. Үүнд гойд анхаарал тавьбал зохино. Хүнсний аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах механизмыг байгуулах тухай Казахстаны санаачилгыг Хятад улс дэмжиж байна» гэв.

Гэсэн ч санхүүгийн дэмжлэггүйгээр эдгээр зорилтыг биелүүлэх аргагүй. Бишкекэд засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн энэ удаагийн хуралдаан дээр ШХАБ-ын Хөгжлийн сан, Хөгжлийн банк байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурав. Эдгээр хоёр байгууллагын зорилго ШХАБ-ын гишүүн орнуудын хэтийн төлөвтэй чухал төслүүдэд эдийн засаг санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбкистан улсууд 2001 онд үндэслэн байгуулсан ШХАБ-ын гишүүд юм. Мөн Монгол, Пакистан, Энэтхэг, Иран улсууд байгуллагын ажиглагчийн статустай байна.