БНАСАУ баллистик пуужингийнхаа бүх гурван угсралтыг хөөргөх талбарт байрлуулж дууссан тухай өнөөдөр Сөүлд Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ.

Пхеньян хиймэл дагуул бүхий пуужингаа 12-р сарын 10-аас 22-ны хороонд хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж өнгөрсэн бямба гаригт умард солонгосын ЦТАК агентлаг мэдээлсэн билээ. Ирэх амралтын өдрүүдэд пуужинд түлш хийвэл ирэх долоо хоногийн лхагва гаригаас наана түүнийг хөөргөж болзошгуй гэж өмнөд солонгосын шинжээчид үзэж байна.

Баллистик шинэ пуужин хөөргөх Пхеньяний төлөвлөгөөний тухай мэдээлэл дэлхийн хамтын нийгэмлэгт эгдүүцэл төрүүлэв. Орос, Хятад улсууд сансрын уудмыг энхийн зорилгоор эзэмших БНАСАУ-ын эрхийг хүлээн зөвшөөрөхийн хамт НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг даган мөрдөхийг Пхеньянд уриалжээ. АЗ-ийн тогтоол баллистик технологийг ашиглан пуужин хөөргөхийг БНАСАУ-д хориглосон юм.

АНУ,Япон, Өмнөд Солонгос улсуудын гадаад улс төрийн тусгай газруудын умард солонгосын асуудал эрхлэсэн дипломат ажилтнуудын гурван өдрийн зөвлөлдөөн эхэллээ. Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээнд оролцож байгаа Өмнөд Солонгос, Хятад, Орос, АНУ, Японы төлөөлөгчид БНАСАУ-ын пуужинг хөөргөх асуудлыг үргэлж хэлэлцэж байна. Япон, Өмнөд Солонгос улсууд үүнтэй холбогдуулан Агаарын довтолгоноос хамгаалах хэрэгслүүдээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав.Эдгээр улс пуужин нутаг дэвсгэрт нь унах аюул тулгарсан тохиолдолд түүнийг сөнөөж мэднэ.