Өнөөдөр Лондон Сити нь юаниар хийх төлбөр тооцооныхоо хэмжээгээр Гонконгийн дэлхийн санхүүгийн төвийн дараа орж байна. Гэвч лондонгийн эрх баригчдын болон банкны эздийн төлөвлөгөөнүүд илүү ирээдүйтэй ажээ. Тэд ойрын үед БНХАУ-ын үндэсний валютын хэмжээг хүчтэй нэмэгдүүлэхээр төлөвлөж буй юм.

Энэ тухай “Саут Чайна морнинг” сонинд Хотын захиргааны Улс төр,мөнгөний бодлогын төвүүдийн төлөөлөгч Марк Болит мэдэгдэл хийв. Түүний ярьснаар, сүүлийн үед БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаатай британий компаниудын дийлэнхи нь түншүүдтэйгээ юаниар төлбөр тооцоо хийхийг эрмэлзэх болжээ.

“Оросын санхүүгийн корпорац”-ын ерөнхийлөгч, эдийн засгийн сайд асан Андрей Нечаев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа, юань нь олон улсын валют болох замдаа маш түргэн орж байгаа гэжээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа сүр хүчийг харуулж байна.

«Сүүлийн үеийн хандлага нь үндэсний томоохон валютуудаар хийх төлбөр тооцоог өргөжүүлэхэд оршиж байна. Тэдгээрийн нэг нь мэдээж хэрэг юань юм. Компани нь арилжаа хийхдээ долларын эрчимтэй өсч байгаа ханшаас үл шалтгаалах болсноор тэдгээрийн шимтгэл дээр хэмнэх боломж үүсч болох юм.

Шинжээчид үүнийг 2-3 % -тай гэж үнэлж байна. Хятад улстай худалдаа арилжаа хийж байгаа компаниудад гадаад худалдаа хийхийн тулд юанийг худалдаж, худалдан авах санхүүгийн талбар шаардлагатай юм. Ийм талбаруудын нэг бол Лондон Сити юм» гэж Андрей Нечаев хэллээ.

Дэлхийн санхүүгийн алдартай энэхүү төв нь валютын худалдааны салбарт эргэлтүүдээ өргөтгөсний дүнд нилээд ашиг олно.

Андрей Нечаевын хэлснээр, оффшорны санхүүгийн ажиллагаанууд нь Хятадад ашигтай. Бээжин юанийг эхлээд азийн бүсийн валют болгохоор дараа нь дэлхийн нөөцийн валютын нэг болгох стратегийн зорилго тавьж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энд Хятадтай бизнесийн холбоотой өрнөдийн компаниуд, Хятадын санхүүгийн эрх баригчид болон лондонгийн банкны эздийн - гурван талын сонирхол нийцэж байна.

Мэдээж хэрэг, Их Британий эрх баригчид үүнд туйлын сонирхолтой байгаа. Еврогийн бүсийн байдал муудаж байгаа нь ЗГ-ыг юаньтай “нөхөрлөхөөс ”  өөр аргүй болгож байна. Британий ихэнхи түшмэлүүд болон шинжээчид тэмдэглэхдээ, тус улсын эдийн засгийн тогтвортой хөгжил нь Европ тивтэй төдийгүй, тус бүсээс гадна байгаа орнууд, ялангуяа өсөн нэмэгдэж байгаа Хятад улстай худалдааны харилцаатай холбоотой юм. 

Лондонгийн Олон улсын харилцааны Хааны институтын үнэлж дүгнэснээр, юаниар хийх санхүүгийн төлбөр тооцооны нийт дүн 2020 он гэхэд 1 их наяд долларт хүрэх аж. Түүнчлэн, шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадын эрх баригчид солигдох нь юанийг либералчлах бодлогод нөлөөлөхгүй ажээ. Хятадын эдийн засгийн ирээдүй итгэх итгэл юаниийг  сонирхож байгаа нэг чухал хүчин зүйл юм.