12-р сарын 5-нд Орос улсад цэргийн алдрын өдрийг тэмдэглэдэг. 71 жилийн өмнө буюу 1941 оны өвлийн эхэнд Москвагийн орчимд зөвлөлтийн дайчдын сөрөг давшилт эхэлсэн юм.

1941 оны 6-р сард Гитлер ЗХУ руу түрэмгийлэн дайрсныхаа дараа Москваг цахилгаан дайны төлөвлөгөөгөөр эзэлэн авахаар тооцоолж байжээ. Тэрээр Германы армийн эхний ялалтын дараа командлалаас “8-р сарын 15-нд Москваг эзлэн авч, 10-р сарын 1-нд ЗХУ-тай эхлүүлсэн дайныг дуусгавар “ болгохоор төлөвлөж байв. Гэвч гэнэтийн цохилтын дараа сэхээ авсан зөвлөлтийн цэрэг дайсны эсрэг илүү эрэлхэг дайчин тулалдан эхэлсэн билээ.Смоленскийн төлөө, Ленинградын төлөө, Киевын төлөө ширүүн тулалдаанууд нь гитлерын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болсон юм. ЗСБНХУ-ын нийслэл хотыг эзлэн авах “Тайфун ” ажиллагаа нь дөнгөж 9-р сарын 30-нд эхэлсэн.

Фашистын цэргүүд Москва руу давшиж байлаа. Баруун-хойдоос болон баруун-өмнөөс чухамдаа тэр үеийн нийслэлийн хилүүд рүү ойртож байлаа. Гитлер ажиллагааг шуурхай дуусна гэдэгт туйлын итгэлтэй байснаас нисэх хүчнийхээ хэсгийг Газрын дундад тэнгист Муссолинид туслуулахаар явуулсан байв.

12-р сарын 5-нд “Москвагийн төлөө тулалдаанд ялсан явдал нь Эх орны дайны төдийгүй Дэлхийн хоёрдугаар дайны хувьд түүхэн эргэлтийн мөч болсон юм гэж Дайны түүх ба геополитикийн төвийн эрдэм-шинжилгээний удирдагч Олег Ржешевский тэмдэглээд

«Москвагийн төлөөх тулалдаан бол үндсэн эргэлтийн эхлэл болсон. Учир нь гэвэл, Москвагийн төлөө тулалдаанд германы фашистуудын ялагдал нь ЗХУ-ын эсрэг цахилгаан дайны сүйрэл байлаа. Хэрвээ бид германы баримт бичгүүдийг нээж үзвэл, тэнд уг цэргийн ажиллагааг 5 сарын хугацаатай байсныг олж харна. Тиймээс герман цэргүүдийн Москва орчмын ялагдал нь өмнө урт удаан үргэлжлэх өвлийн дайн байгааг гэрчилж байсан юм. Харин тэд өвөлд бэлэн бус байсан» гэлээ.

Нэг сарын дотор Гитлерын армийн “Цэнтр” зөвлөлтийн нийслэлээс 100-250 км зайд холдсон байлаа. Хамгийн гол нь зөвлөлтийн хүмүүс ирээдүйн ялалтанд тууштай итгэлтэй болсон гэж түүхч Андрей Сахаров үзэж байна.

«Фашистын удирдлага яг энэ мөчид дайнд эргэлт гарсан гэдгийг мэдэрч чадаагүй байсан. Тэд нилээд их техник, цэргийн хүчээ алдасан ч гэлээ, армийн хүчин чадал агуу их хэвээр байсаар байв. Үүнийг дараа дараачийн өмнөд рүү хийсэн тулалдаанууд болон Ижил мөрний туладаанууд харуулж байлаа. Харин сэтгэл санааны  хувьд гэвэл, мэдээж хэрэг маш хүндхэн байлаа» гэж Андрей Сахаров хэллээ.

Москва орчмын 1941-1942 оны тулалдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд хамгийн томоохонд  тооцогдох бөгөөд их цус урсгасан халуухан тулалдаан болсон юм. Тулалдаанууд нь 1000 км нутаг дэвсгэрийн 400 км гүнд болж өнгөрсөн нь Англи, Ирланд, Исланд, Бельги болон Голландын нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний талбай юм. 200 гаруй хоног  үргэлжилсэн тулалдаан болж хоёр талаас 7 сая гаруй цэрэг оролцсоны 1,5 сая нь тулалдааны талбарт үүрд үлдэсэн билээ.