АНУ-ын БХЯ-ны тагнуулын газар тэртэй тэргүй өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Пентагон гадаадад ажиллаж байгаа тагнуулчдынхаа тоог хэд дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал АНУ-ын тагнуулын газар Иран, Хятад, Умард Солонгост үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.

Америкийн цэргийнхэн Ойрхи Дорнодод дур зоргоор авирлаж, «Аль-Каидаг» эрэн мөрдөж, бүс нутгийн тэн хагасыг сүйрэхэд хүргээд шинэ шинэ объектийг эрж эхэллээ. Пентагоны мэдэгдсэнчилэн эдүгээ АНУ-ад лалын бүлгүүд аюул учруулж байна. Гэвч жинхэнэ шалтгаан нь огт өөр байна гэж Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«Миний бодоход үнэн чанартаа америкийн цэргийн тагнуул лалын бүлгүүд түдий биш хөгжиж байгаа аж үйлдвэртээ түүхий эдийн эх сурвалжийг энэ бүс нутагт олох гэсэн Хятадын идэвхтэй оролдлогыг сонирхож байна» гэв.

Түүнээс гадна АНУ Иран, Умард Солонгос ба бусад улсаас нийлүүлж мэдэх зэвсэгт илүү хатуу хяналт тавих бодолтой байна. Үүний хамт америкийн тал Иран, БНАСАУ хоёрын талаархи түрэмгий бодлогоо зөвтгөхэд эдгээр хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааг заан ашиглах төлөвлөгөөтэй байна гэж Алексей Мухин үзэж байна.

«АНУ Иран,Умард Солонгосын цэрэг-техникийн хамтын ажиллагааг дан эдгээр хоёр улсын нэрийг гутааж, тэдгээрийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах НҮБ-ын АЗ-ийн мандат авах зорилгоор л сонирхож байна» гэж Алексей Мухин хэллээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар эдүгээ цэргийн 500 орчим тагнуулч дэлхийд ажиллаж байна. АНУ-ын БХЯ тэдний тоог барагцаалбал гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Лалын бүлгүүд ба хятадын цэргийнхний нууцыг тайлахад хүчин чадлынхаа нэг хэсгийг дайчлах бололтой. Орост америкийн тагнуулын үйл ажиллагааг өргөжүүлэх нь бодит ноцтой аюул гэж Улс төрийн технологийн төвийн ерөнхий захирал Сергей Михеев хэлээд

«АНУ өөрийгөө дэлхийн тэргүүлэх гүрэн улс хэмээн хэвээр үзэж байна. Тус улс гариг дэлхийг амин чухал ашиг сонирхолынхоо бүс гэж зарлав. Америкийн тагнуул бараг бүх улсад идэвхтэй ажиллаж байна. Оросыг их сонирхож байна. Ямар байсан ч Орос улс бол цэргийн талаар АНУ-д их хохирол учруулж мэдэх цорын ганц гүрэн улс юм. Иймээс Орос америкийн тагнуулын сонирхолыг татаж ирсэн, одоо ч татсаар байж, цаашдаа татах нь эргэлзээгүй» гэв.

Америкийн цэргийн тагнуулын дэлхий даяар явуулж байгаа ажиллагаатай холбоотой шуугиан маргаан ойрын үед  гаарч болзошгүй.