Өмнөд-Солонгосын ГХЯ-ны дэд сайд Лим Сун Нам ойрын үед америк болон японы дипломатуудтай зөвлөлдөхөөр Вашингтон ниснэ. Зөвлөлдөх уулзалтын гол сэдэв нь Пхеньяны хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужинтай холбоотой байх юм гэж Өмнөд-Солонгосын ХМХ-үүд албан ёсын эх сурвалжуудаас иш татан уламжилжээ. Сеулын дипломатуудын тэмдэглэж байгаагаар, “ гурван талд уулзалтыг зохион явуулах боломж ирж байгаа аж. Гэвч эцсийн товыг хараахан гаргаагүй байна.

Өмнө нь БНАСАУ-ын хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужингийн асуудалтай холбогдуулан Солонгосын хойгийн тулгамдсан асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч орнууд зөвлөлдөх уулзалт явуулж байгаа тухай мэдээлсэн. Зургаан талт яриа хэлэлцээрт оролцогч орнуудад хоёр Солонгос, Хятад, ОХУ, АНУ, Япон  улс ордог юм.

Өнгөрсөн бямба гаригт умард солонгосын ХМХ-үүд тус улсын засгийн эрх баригчид 12-р сарын 10-22 ны хооронд пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ.Энэхүү мэдээллийг нилээд хэдэн улс орон эмзэглэн хүлээж авсан байна. Орс улс мэдэгдэлдээ, Пхеньяны энэхүү шийдвэрт гүнээ харамсч байгаагаа илэрхийлээд, БНАСАУ-ыг шийдвэрээ эргэн харахыг уриалжээ. Ийм  утгатай мэдэгдлийг Хятад улс мөн хийсэн байна. Умард Солонгосын пуужин хөөргөх төлөвлөгөөг Их Британи, Герман, Франц болон ЕХ эрс буруушаалаа.

Ирж байгаа мэдээнүүдээс үзвэл, Пхеньян нь дэлхийн хамтын нийгэмлэгийн санаа бодлыг сонсохыг хүсэхгүй байгаа бололтой. Даваа гаригт умард солонгосын мэргэжилтэнүүд талбай дээр пуужин хөөргөх эхний шатыг суурилуулж амжжээ.