Дэлхийд мониторинг хийх зориулалттай хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан Вашингтон, Токио, Сөүлийн уриалгыг Пхеньян няцаалаа. 12-р сарын 10-22-ны хооронд хиймэл дагуул хөөргөх тухай урьдчилсан мэдээг БНАСАУ өнөөдөр японы талд мэдүүллээ.

Энэ хиймэл дагуулыг тойрог замд баллистик пуужингаар гаргах юм. Пуужинг хөөргөлтийн талбарт байрлуулсан байна гэж өмнөд солонгосын эх сурвалжууд мэдээлсэн байна. Пуужинг угсрах болон түлшээр цэнэглэхэд ойролцоогоор долоо хоног зарцуулна гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн 4-р сарын нэгэн адил шинэ пуужин хөөргөх гэсэн төлөвлөгөө нь БНАСАУ-ын эргэн тойронд хурц хямралыг үүсгэлээ гэж ОУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов тэмдэглээд: «Энхийн зорилгоор сансарыг эзэмшихийн тулд Дэлхийн хиймэл дагуул хөөргөх гэж байгаа гэж БНАСАУ-д үзэж байгаа юм. Харин БНАСАУ-ыг эсэргүүцэгчид энэ нь хиймэл дагуул хөөргөж байгаа биш тив алгасагч баллистик пуужингийн ээлжит туршилт гэж үзэж байгаа юм. Ийм туршилт хийхийг БНАСАУ-д НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор хориглосон юм. Ийм учраас энэ байдлыг НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн идэвхтэй хэлэлцэх явдал хууль эрх зүйн үндэслэлтэй» гэж хэллээ.

Орос, Хятад улсууд хиймэл дагуул хөөргөх шийдвэрээ эргэн харахыг БНАСАУ-д уриаллаа. Хойд Солонгос улс энхийн зориулалтаар сансарын уудмыг шинжлэн судлах эрхтэй гэдэгт Москва, Бээжин эргэлзэхгүй байна. Үүнийг хэрэгжүүлэх нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудаар хязгаарлагдсан тул тус улс баллистик технолог ашиглан алсын тусгалтай пуужин хөөргөхийг хориглосон уг тогтоолыг өөрчилсний дараа л пуужин хөөргөж боломжтой болох юм. БНАСАУ-ын хөршүүдийн эрс эсэргүүцлийг ойлгосон БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй бүх талуудыг биеэ барьж, уужуу тайван байхыг уриаллаа.

Япон улс Окинова аралд “Пэтриот”пуужингуудаа байрлуулж эхэллээ. Окинава аралд байрлаж байгаа японы АЦХ-ний бааз дээр цахим тагнуулын стратегийн зориулалтай онгоцоо АНУ байрлуулсан байна. Мөн японы эскадрын мини зөөгч онгоц дээр байрлуулсан “Иджис” ажиглах системтүүд Зүүн Хятадын, Японы, Шар тэнгисийн ай савын агаарын орон зайг хяналтдаа аваад байна гэж Александр Воронцов тэмдэглээд: «Пуужин тээгч дэлбэрсэн тохиодолд түүний хэлтэрхийнүүд хөрш улсуудын нутаг дэвсгэр дээр унахгүй байхаар пуужингийн нислэгийн даялалыг тооцсон гэж БНАСАУ мэдэгдсэн юм. Юу ч тохиолдож болох учир тэдний хөршүүд түгшэх нь бас үндэслэлтэй юм. Гэхдээ Япон улс сүүлийн үед иймэрхүү зүйлийг ихээхэн сэтгэл хөдлөлтэйгээр хүлээж авч байгаа. Япон улс тохиолдол бүрт л зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байгаа юм. Иймэрхүү мэдэгдэлүүд тус бүс нутагт түгшүүртэй байдлыг нэмэгдүүлж байгаа» гэлээ.

Япон болон Өмнөд Солонгос улсуудад 12-р сард сонгууль болох юм. БНАСАУ-ын зүгээс үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна гэсэн үг яриа нь эрх баригч дээдсүүдийн зүгээс алдагдсан сонгогчдоо эгүүлэн татаж тойрон хүрээлүүлэхтэй холбоотой байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Токио, Сөүлийн буулт хийхэд бэлэн бус байгаа байдал болон гадаад бодлогын илэрхий уналт нь Пхеньянийг ямар нэгэн хөдөлгөөн хийх бүрт л ЗХ-нээ өндөжүүлсэн бэлэн байдалд оруулахад хүргэж байгаа бололтой.