Калашниковын АК-12 шинэ автоматыг ОУ-д туршлаа. Энэ загварын улсын туршилт ирэх оны дунд үед болно. Үүний дараа л энэ автоматыг зэвсэглэлд нийлүүлж болно. Калашниковын автоматыг дэлхийн хамгийн найдвартай буу гэж үздэг юм.

Алдартай цуврал автомат бууны анхны загвар АК-47 “төрсөн” “Ижмаш” заводад хийсэн болохоор энэ нь зарчмын хувьд цоо шинэ загварын тухай ярьж байна гэсэн үг. Ийм учраас ч “нэрий” нь өөрчилсөн юм. Шинэ бууны “12” гэдэг тоо нь энэ загварыг боловсруулж дууссан оны тоо юм. АК бүлгийн шинэ төрөл нь алдарт Михаил Калашниковын бодож олсон тэр л сонгодог хэлбэрээ хадгалсан байна.

Шинэ загвар нь дуран хараатай буудах тусгал сайтай, тийрэлт нь бага, хөнгөн болсон байна. АК загварын буунуудын хамгийн “отгон”-ыг эх орны болон гадаадын 5,45 болон 7,62 хэмжээтэй суманд зориулаж үйлдвэрлэж болох нь энэ бууны олон талыг харуулж байна. Энэ автоматын зарим нэгэн хувилбар нь “хоёр хурдтай” байх юм. Өөрөөр хэлвэл одоогийн Калашниковын автомат буу нэг минутад 600 сум гаргадаг тэр хурдаар ч ажиллана, бас арай илүү хурдтай ч ажиллана гэсэн үг. АК-12 шинэ загварын автомат бууны суурин дээр сөнөөгч винтов, богиносгосон автомат буу, пулеметон гар буу, мэргэн буучийн хагас автомат винтов, гар пулемет зэргийг үйлдвэрлэх юм байна. Геополитикийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков ингэж ярьж байна: «Шинэ автомат буу АК-12 зэвсэглэлийн дэлхийн зах зээл дээр алдартай АК-47 бууг нэр төртэй орлоно гэж би бодож байна. Буудлагын бусад ижил төрлийн зэвсэгтэй амжилттай өрсөлдөнө гэж үзэж байна. АК-47 алдартай автомат бууны хосгүй амжилтыг энэ загвар давтана гэдэгт найдаж байна. Калашниковын АК-47 автомат буу үйлдвэрлэсэн нэгж тоо болон дэлхий дахинд тарсан хэмжээгээрээ үнэмлэхүй аврага болсон» гэж тэр ярилаа.

Калашниковын автомат бууг Орос улсаас гадна Хятад, Зүүн Европ, Латин Америкт үйлдвэрлэж байсан одоо ч үйлдэрлэж байна. Нийтдээ янз бүрийн загварын 70 сая гаруй АК автомат буу үйлдвэрлэсэн байна. Дэлхийн 50 орны арми энэ автомат бууны төрөл бүрийн хувилбараар зэвсэглээд байна.