Газын зурвасын дайн ч, АНУ-ын даралт шахалт ч өнгөрсөн долоо хоногт Палестины автономыг НҮБ-ын ажиглагчийн хувиар хүлээн зөвшөөрөхөд саад болж чадсангүй. 11-р сарын 29-ны өдөр НҮБ-ын ЕА-н 193 улсаас 138 улс дэмжсэн санал өглөө. Мэдээж хэрэг АНУ, Израиль болон өөр зургаан улс эсрэг санал өглөө.

Энэхүү санал хураалт хэзээч зохицуулж болдоггүй мөргөлдөөнөөс дэлхий дахин залхаж гүйцлээ гэдэг дохиог Израиль улс болон АНУ-д өглөө гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлсэн байна. Энэ тогтоол нь “үр бүтээлгүй” гэж АНУ тэр даруйд нь мэдэгдлээ. Ийм тогтоол гарсанд харамсаж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн байна: «Энэ тогтоол нь энх тайванд хүрэх замд нэмэлт саад тотгор болно. Палестинчууд, израильчуудын шууд хэлэлцээр л хоёр тал хоёулаа хүсэж байгаа тэр энх тайванд хүргэнэ гэсэн байр суурийг бид дэмжиж байгаа юм. Тусгаар тогтносон Палестин улс, Ардчилсан Израиль улстай энх тайван, аюулгүй байдлаар зэрэгцэн орших үед л энх тайван бий болно» гэж тэр ярилаа.

НҮБ-ын санал хураалт пүрэв гаригт болсон юм. 11-р сарын 30 гэхэд л Израиль улс палестины эзлэгдсэн нутаг Дорнод Иерусалим, Иордан голын Баруун эрэгт 3000 нэгж орон сууц барих шийдвэр гаргаснаа зарлалаа. Яг энэ өдөр НҮБ ээлжит тогтоолоо батлаж, 1967 онд эзлэн авсан Голаны өндөрлөгөөс Израиль улсыг гарч явахыг болон Иерусалимыг түүний нийслэл гэж зарлахаас татгалазаж, палестинчуудтай энхийн хэлэлцээрээ эхлэхийг шаардсан байна.

НҮБ 1967 оноос хойш иймэрхүү тогтоолыг 15 дахь удаагаа гаргаж байна. Эдгээр тогтоолыг заавал биелүүлэх ёстой биш юм. Эдгээрээс нэгийг нь ч биелүүлээгүй юм. Палестины тогтоолын тухай асуудал нэлээд сэргэж ирсний дараа үйл явц нь эргээд л ерийн л зунгааралдсан байдалдаа эргэн орно гэж гутрангуй үзэлтнүүд батлахыг оролдож байна. ФАТАХ, ХАМАС хоёрын хоорондох байнгын сөргөлдөөнийг Израиль улс олзолж байгаа юм. Үүнээс гадна палестины нутаг дэвсгэр дээр Персийн булангийн орнуудын ивээн тэтгэгчидэд захирагддаг хэний ч танил бус лалын бүлэглэлүүдээс бүрдсэн гурав дахь хүч гарч ирээд байна. Ийм учраас зохицуулах тухай ямарч яриа хэлэлцээ одоо ирээдүйгүй гэж гутрангуй үзэлтнүүд үзэж байна. Тэгэхлээр юуны өмнө палестинчууд өөрсдийн дотоодын асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Гэхдээ өөдрөг үзэлтнүүд арай илүү байна. Энэ шинэ статус палестины тархай бутархай хүчнүүд нэгдэхэд тус болно гэж оросын зарим шинжээчид үзэж байна. Иймэрхүү ирээдүйг Оросын хүмүүнлэгийн их сургуулийн орчин цагын Дорно дахины тэнхимын профессор Григорий Косач хэрхэн үнэлэж байгааг сонсоё: «Энэ статусыг олгосны хүчинд ХАМАС хөдөлгөөн Махмуд Аббас тэргүүтэй Палестины үндэсний засаг захиргааны удирдлагуудад хамааралтай болж эхлэж байгаа юм. ХАМАС хөдөлгөөн Палестины засаг захиргааны араас явахаас өөр замгүй болж байгаа юм. Статусыг нэмэгдүүлэх асуудал бол бүх палестинчуудын асуудал юм» гэж тэр ярьж байна.

Палестинчуудын шинэ статус нь хэлэлцээрийн явцыг зунгааралдсан байдлаас гаргана гэж Ойрхи Дорнодын асуудлын оросын шинжээч Семен Багдасаров үзэж байна: «Нэгдүгээрт энэ нь Израильтай хийж байгаа хэлэлцээр дээр Палестины байр суурийг бэхжүүлж өгнө. Хоёрдугаарт израильчууд хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэдгийг ойлгох болно. Жишээ нь, эзлэн түрэмгийлсэн газар нутаг дээр барьсан хууль бус орон сууцнуудаа устгах шаардлагатай болно. Израиль улсад болох сонгууль болон түүнд хэн ялахаас ихээхэн зүйл шалтгаална гэдэг нь ойлгомжтой юм. Нилээд зөөлөн байр суурийг баримтлаж, Палестинтай хэлэлцээр байгуулахын төлөө байдаг зүүний хүчин ялалт байгуулах уу? Хэрвээ нилээд хатуу байр суурьтай барууны “Ликуд” нам ялвал байдал шал өөрөөр эргэнэ. Тэгэхдээ бүх зүйл дэлхийн хамтын нийгэмлэгээс шалтгаалах болно» гэж тэр ярилаа.

Харин палестины нутаг дэвсгэр дээр шинэ статусын баяр хөөр бялхаж байна. Газын зурваст 11-р сарын 14-21-ны хооронд болсон сүүлийн дайны төгсгөлийн дүн энэ баярыг бага зэрэг бүдгэрүүлсэн нь үнэн юм. Израилийн явуулсан цэргийн ажиллагаанаас учирсан хохирол 1 тэрбум 200 сая доллар болсон гэж ХАМАС хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Тахер ан-Нуну мэдээлсэн байна.