Өнөөдөр «Оросын дуу хоолой» радио жаз хөгжимд зориулсан нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.

Орост жаз хөгжмийн 90 жилийн ойг цуврал концертээр тэмдэглэв. Эдгээр концерт янз бүрийн хотод болсон байна. Москвагийн Хөгжмийн ордонд «Дэлхийн жаз хөгжмийн оросын одод» олон улсын 1Х наадмаар ойн цуврал концерт өндөрлөв. Наадмын хүрээнд жаз хөгжмийн бүх чиглэлийг сонирхуулав. Наадмын зохион байгуулагчийн нэг удирдаач, хөгжмийн зохиолч Анатолий Кролл ийм зорилго тавьсан билээ. Түүний удирдсан Биг-бенд «Би жаз хөгжимдөнө» эвлүүлгээр өнөөдрийн нэвтрүүлгийг нээж байна. (Хөгжим)

Оросын жаз хөгжим 10-р сарын нэгэнд үүссэн гэдэг. Оросын анхны сонин өвөрмөц найрал хөгжим - Валентин Парнахын жаз-бенд 1922 оны 10-р сарын нэгэнд Москвагийн театрын урлагийн дээд сургуулийн танхимд тоглогджээ. Парнах бол нэлээд сонин хувь хүн билээ. Тэрээр яруу найрагч, орчуулагч, газар зүйч, аялагч,бүжигчин байсан юм. Аугаа их зураач Пабло Пикассо түүний Францад хэвлэгдэн гарсан яруу найргийн номын зургийг зуржээ. Валентин Парнах хөгжимчин байгаагүй. Гэвч ХХ зууны эхээр Парист африк, америкийн жаз хөгжимчдийн тоглолтыг анх сонсоод, тоглолт өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул «жаз-бендийн» цогц зэмсэг, пянз Орост авчиржээ. Парнах эх орондоо жаз чуулгыг байгуулахыг их эрмэлзэж, хүсэлтээ биелүүлэв.

Театрын дээд сургуулийн оюутан Александр Варламов тэртээх анхны концертэд байлцсан юм. Удмын хөгжимчин симфони найрал хөгжмийн удирдаач болно гэж хүмүүс үзэж байжээ. Гэвч залуу Варламов тэр үед ихэд дэлгэрч байсан жаз хөгжмийг сонирхож, хамтлагаа зохион байгуулж эхлэсэн. 1934 онд Александр Варламовын жаз найрал хөгжим анхны хөтөлбөрөө сонсогчдод сонирхуулав. Мөн хөтөлбөрийн нэгэн эвлүүлгийг сонсоно уу. (Хөгжим)

Олег Лундстремын домогт найрал хөгжим оросын жаз хөгжмийн хөгжилд их хувь нэмэр оруулав. Америкийн нэрд гарсан Дюк Эллингтоны найрал хөгжмийн бичлэг бүхий пянз Лундсремын цаашдын бүтээлч замын сонголтод шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэв. 1934 онд хятадын Харбин хотноо Орос гаралтай Олег Лундстрем биг-бендийг байгуулжээ. 1947 онд найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ ЗХУ-д шилжин суусан юм. Энэ хамтлаг одоо ч ажиллаж байна. Тэр дэлхийн хамгийн удаан ажиллан хөгжимдөж байгаа жаз найрал хөгжмийн хувьд оросын Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн юм.

Олег Лундсремын жаз найрал хөгжим «Сайхан ааш урамтай байна» эвлүүлгийг хөгжимдөнө. (Хөгжим)

1958 онд Георгий Гараняны сакс бүрээ Олег Лундстремын найрал хөгжмийн бүрэлдэхүүнд анх эгшиглэв. 1973 онд Гаранян өөрийнхөө биг-бендийг удирдаж эхлэв. «Мелодия» чуулга дуучдын дууг дагалдан хөгжимдөж, свингээс жаз-рок хүртэл жаз эвлүүлэг ба бүжгийн хөгжим бичүүлжээ. Одоо «Мелодия» чуулга Владимир Шаинскийн зохиосон олонд түгсэн «Инээмсэглэл» дууны жаз эвлүүлгийг хөгжимдөнө.(Хөгжим)

Орчин цагийн Орост үндэслэн байгуулсан жаз хамтлагийн тоглолт өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг төгсгөнө. Авьяаслаг хөгжимчин Сергей Жилиний удирдсан «Фонограф-симфо-жаз» хамтлагын «Цасан ширхэгхэн»(Снежинка) жаз эвлүүлгийг хөгжимдөхийг сонсоно уу. (Хөгжим)