Хятадын удирдлагаас юанийг чухам хэдийд бүрэн хөвөрдөг валют болгохыг одоогоор тодруулаагүй байна. Гэвч Хятадын Ардын банкны тэргүүн асан Дай Сянлуний мэдэгдлээс харахад засгийн газар санхүүгийн зах зээлд тавих хяналтыг сулруулах замаар цаашид алхам хийнэ.

Хятадын удирдлага солигдосноор санхүү-эдийн засгийн хүрээнд шинэтгэл илүү шийдэмгий явуулна гэж гадаадын шинжээчид үзэж байсан. Тухайлбал засгийн газар эдийн засгийн хэт зохицуулалтыг зөөлрүүлж, либералчлах чиг бодлогоо үргэлжлүүлнэ гэж таамаглаж байсан юм. Гэвч гол гол салбар ялангуяа валютын бодлогын талаар «5 дахь үеийн» удирдагчдын хандлага өөрчлөгдөхгүй хэвээр байна.

Хятадын санхүүгийн тэргүүлэх шинжээчийн нэг гэгддэг Дай Сянлуний хэлснээр үндэсний хөвөрдөг валютад шилжих тодорхой цаг хугацааг тогтоох аргагүй. Гэвч Хятадын Ардын банкны хуучин удирдагч ирэх оны эхээр Хонконгод болох Азийн санхүүгийн форумыг зохион байгуулагчдын хүсэлтээр юанийг хөвөрдөг валют болгох нэг ёсны замын зураг гэгчийг сонирхуулав.

Дай Сянлуний мэдэгдсэнчилэн эхлээд юанийн солилцооны ханшийг зах зээлийн болгох хэрэгтэй. Дараа нь капиталын хөдөлгөөнийг цаашид либералчлах алхам хийвэл зохино. Засгийн газар юаниэр тооцоо хийх үйлчилгээ үзүүлэх хятадын банкуудын гадаадын сүлжээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Улс орныхоо төлбөрийн баланс ба хөрөнгө орох, гарах үйл явцад нарийн мониторинг хийх нь санхүүгийн удирдлагын чухал зорилтын нэг гэж Дай Сянлун хэллээ. Хятад улс юанийг хөвөрдөг валют болгох зорилт аль хэдийнэ тавьж, энэ замаар тууштай замнаж байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин «Оросын дуу хоолой» радиод өгсэн ярилцлагдаа тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ

«Хятад улс орноо дэлхийн эдийн засгийн төдийгүй санхүүгийн томоохон этгээд болгох стратегиа алхам алхмаар боловсруулж байна. Хятад нэг талаас улс орныхоо санхүүгийн үүргийг дээшлүүлэх, нөгөө талаас Хятадын санхүүгийн аюулгүй байдлыг хангах замыг сонгож авсан. Энэ нь ухаалаг хариуцлагатай бодлого юм. Эдгээр алхам ойрын 5-7 жилд зохих үр дүнд хүрнэ. Тэгээд юань дэлхийн нөөцийн валютын нэг болж мэднэ» гэв.

Сooлийн жилooдэд Бээжин oндэсний валютыг харилцан тооцоо хийхэд хэрэглэх асуудлаар худалдааны гол хэдэн түнш түүний дотор Москватай тохиролцов. Хятадын эдийн засгийн хэр хэмжээ евро, долларын нэгэн адил дэлхийн томоохон валют болох боломж юаньд олгож байна.

Хятад улс дэлхийд юанийн үр нөлөөг аажмаар өргөжүүлэхийг хичээж байна. Хятадын шинжээчид 15-20 жилийн хугацааг дурдав. Төв банкны тэргүүн асан Дай Сянлун юанийг хөвөрдөг валют болгох тодорхой өдөр хугацааг дурдахаас түдгэлзэв.

Юанийг гадаад худалдааны ажиллагаанд өргөнг хэрэглэх нь дэлхийн зах зээлд АНУ-ын долларын байдлыг бусниулах учир түүнийг хөвөрдөг валют болгох талаар яарахгүй байна. Доллароос «салах» цаг болоогүй гэж Бээжин одоогоор үзэж байгаа. Тэр тусмаа америкийн доллар Хятадын алт валютын нөөцийн нэлээд их хэсгийг эзлэж байна.