Өмнөд Хятадын тэнгист түгшүүртэй байдлыг гааруулж байна гэж Манил Бээжинг зэмлэв. Филиппиний ГХЯ-ы тэргүүн Альберто дель Розарио хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Скарборо (Хуанъяньдао) усан дорхи хадны ойролцоо байгааг «дарангуйлагчийн зан үйл» гэжээ. Энэ нь хоёр талын харилцааг цаашид хурцатгахаас сэрэмжлэхэд чиглэгдсэн Филиппиний дипломат хүчин чармайлтыг бусниулж болзошгүй гэж сайд болгоомжилж байна.

Өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй Хуанъянь арлууд угаасаа хятадын нутаг дэвсгэр байгааг иш үндэс болгохыг Филиппинд зөвлөжээ. Хятад эргүүлийн хөлөг онгоцуудаа тэнд байлгах эрхтэй. Энд энх амгалан, тогтонги байдлыг хангахад хүчин чармайлтаа дайчлахыг Бээжин Манилд уриалав.

Филиппин ийм мэдэгдлийг өдөөн хатгасан хэрэг хэмээн үзжээ. «Яах ийхийг бидэнд зааж тулгахыг Хятад оролдож байна» гэж өнөөдөр Филиппиний ГХЯ-ны тэргүүн Альберто дель Розарио мэдэгдэв. Өнөөдөр мөн мэдэгдлийг филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй Зүүн-өмнөд Азид их уншдаг «Саут Чайна морнинг пост» сонинд нийтлэв. Спратли, Параселийн арлуудын эргэн тойрны нутаг дэвсгэрийн асуудлаар Хятадтай маргалдаж байгаа Вьетнам, Малайзи, Бруней улсуудын дэмжлэгт Филиппин найдах байх.

Тэгснээрээ Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны эгнээг бэхжүүлэхийг Манил оролдож байна. Энэ нь тус холбоо Хятадтай Өмнөд Хятадын тэнгист зан үйлийн хууль боловсруулахад туслана гэж үзэж байна. Саяхан Камбожад дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцээг эхлүүлэх гэсэн Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны оролдлого үр дүнд хүрсэнгүй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хамтын хөгжил бол Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо + Хятадын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв юм гэж Хятад мэдэгдэв.

Хятад, Филиппиний хоорондын харилцаа ахин хурцдсан явдал хятадын шинэ паспортын эргэн тойрны олон улсын шуугиан маргаантай цаг хугацааны хувьд давхцав. Өмнөд Хятадын маргаантай арлуудыг Хятадад хамруулсан газрын зургийг шинэ паспортын хуудасуудад дүрслэжээ. Филиппин, Вьетнам улсууд эсэргүүцлээ илэрхийлж, хятадын шинэ паспортод виз,тамга дарахаас татгалзав. Хятадын шинэ паспортын дизайныг «сөрөг үйл хэрэг» гэж Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын тойрны маргаанд ямар ч хамаагүй Индонези улс ч мэдэгдэв.

АНУ шуугиан маргааныг интернациональч шинжтэй болгов. Хятадын мөн алхам бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгож мэдэх нь Вашингтоныг түгшүүлж байна гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Хятадаас ямар хариу өгөх бол? Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов санал бодлоо илэрхийлэн хэлэхдээ

«Хятад байр сууриа өөрчилж мэднэ. Өнөөдөр дайран давшлаад маргааш нь шуугиан дэгдээсэн газрын зургийг паспортаас арилган гаргаж мэднэ. Маргаан зэвсэгт мөргөлдөөнд хүргэхгүй. Миний бодоход Хятад,АНУ болон түүний холбоотнуудыг оролцуулан бусад улсыг сөрөхгүй. Одоогоор улс төрчид хүчээ сорин үзэж байна» гэв.

Гэвч Хятад байдлыг хурцатгах шийдвэр төгс байгаагаа харуулав. Тэнгисийн цагдаагийн газрын эрх мэдлийг нэлээд өргөжүүлэх тухай хятадын мэдэгдэл сөргөлдөөнийг гааруулж мэднэ. 1-р сарын нэгнээс Тэнгисийн цагдаагийн газар гадаадын хөлөг онгоцыг шалгаж, Өмнөд Хятадын тэнгисийн хятадын хэсэгт зохих зөвшөөрөлгүй орсон бол чиг замаа өөрчлөхийг шаардах эрхтэй болно. Одоо хятадын эргүүлийн хөлөг онгоцууд гадаадынхныг эндээс шахан зайлуулж байна.

Учрыг тайлбарлахыг Бээжингээс шаардана гэж Филиппин мэдэгдэв. Хятад мөн алхамаа Номхон далайн баруун хэсэгт байлдааны хөлөг онгоцууд нь сургууль хийж байгаа үед зарлан мэдээлэв. Энэ нь төлөвлөгөөт цэргийн сургууль билээ. Гэвч энэ сургууль Хятад тэнгис далайд ашиг сонирхолоо хамгаалахын тулд цэргийн ажиллагаа явуулахаас ч буцахгүйг харуулж байна гэж ажиглагчид дүгнэв. Цэргийн сургууль цаашид явуулна гэж өчигдөр Хятадын БХЯ батлан илэрхийлэв.