Япон «ямар ч дайныг эсэргүүцэгч» улсын дүр төрхөө аажмаар өөрчилж байна. Үндсэн хуулийн энх тайвны шинж чанарыг хянан үзэх хэрэгтэй гэх мэт үг яриа гаарав. Япон цэргийн тусламж бусад улсад үзүүлэхийг санал болгож байна. Японы хөлөг онгоцууд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчинтэй цэргийн сургуульд хамт оролцож байна.

Энэ зун Филиппинтэй батлан хамгаалах хүрээнд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Түүнчлэн Япон 8 улс, түүний дотор Сингапур, Вьетнам хоёртой адилхан санамж бичигт гарын үсэг зуржээ. Түүнээс гадна саяхан Токиогоос японы сургагчид Камбож, Зүүн Тиморт цэрэг сургахад 2 сая доллар гаргав.

Дараа нь бүс нутагт зэвсэг нийлүүлэх бололтой. Япон улсаас эрэг хавийн гүн биш усанд байлдааны ажиллагаа явуулахад таарах усан дээр бууж нисэх онгоц, дизелийн шумбагч хөлөг онгоцуудыг нийлүүлэх бололтой гэж New York Times сонин үзэж байна. Харин Япон зэвсгийн зах зээлд бие даасан этгээд болоход бэлэн байна уу? Стратеги, технологийн шинжлэлийн төвийн шинжээч Василий Кашин эл сэдвийг үргэлжлүүлэн хэлэхдээ

«Япон зэвсгийн зах зээлд гарч мэднэ. Юу гэвэл тус улс урьдын ангиллын чанар сайтай зэвсэг агуулахадаа нөөцлөн хадгалсаар байна. Ийм зэвсэг АНДБН-ийн зарим улсын сонирхол татаж болзошгүй. Япон цэргийн системээ АНУ-тай нягт хамтран үйлдвэрлэж, тус улсаас түүнд цэрэг-техник, цэргийн асуудлаар их нөлөө үзүүлж байна. Иймээс Япон зэвсгээ АНУ-тай хүнд түвэгтэй ба америкийн зэвсэгтэй өрсөлдөх орнуудад нийлүүлэхгүй нь мэдээжийн хэрэг.

Иймээс зах зээлийн хүрээ хязгаартай болно. Гэвч Япон томоохон зэвсэг нийлүүлэгч болох нь эргэлзээтэй. Хожим тус улс Их Британи, Израилийн нэгэн адил зэвсгийн системийн эд анги, цахим хэрэгслийг их хэмжээгэжэр нийлүүлж мэднэ. Эхлээд Филиппин, Индонези, Вьетнам улсуудад «нисдэг завь» гэгчийг нийлүүлж болзошгүй» гэв.

Японы эрэх-аврах усан дээр бууж нисэх US-2 онгоцны талаар өгүүлж байна. Түүнийг үйлдвэрлэж байгаа ShinMaywa Industres корпораци эдгээр онгоц худалдах асуудлаар Индонезийн зэвсэгт хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Урьд 2011 онд корпораци мөн ангилалын зургаан нисэх онгоц худалдан авах Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний тендерт оролцох зөвшөөрөл авсан билээ.

Зүүн Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойрны нутаг дэвсгэрийн хурц асуудлаас болж Хятадтай харилцаа хурцадсан учир Японы үндэсний аюулгүй байдлын стратеги өөрчлөгдөх байх. Урьд Япон АНУ-тай байгуулсан цэргийн эвсэлд тулгуурлаж байсан бол одоо энэ талаар биеэ даахыг эрмэлзэж байгаа нь мэдрэгдэв.

«Хүйтэн дайны» үед Япон АНУ-ыг л даган мөрдөх байсан. Одоо Япон өөрөө хөл дээрээ зогсох ёстой» гэж аюулгүй байдлын тусгай зөвлөх Китагами Кэйро тайлбарлан хэллээ. Зүүн Азийн судлалын хүрээлэнгийн захирал Сойя Ёсихидэ тодруулан хэлэхдээ «Бид Хятадыг саатуулахын тулд өөрийн эвслийг Азид байгуулахыг эрмэлзэж байна» гэв. Василий Кашин мөн сэдвийг үргэлжлүүлэн хэлэхдээ

«Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар өөрийн хүчинд тулгуурлах хэрэгтэй гэж японы улс төрийн бүлгийнхэн үзэж, санал шүүмжлэл байн байн явуулж байна. Миний бодоход мөн саналыг хэрэгжүүлэх яагаа ч үгүй. Тэгэх нь Азид харилцааны хүрээнд хийх хувьсгал болно.

Учир нь одоо азийн бодлого Япон АНУ-ын ивээлийн дор байгаа хийгээд өөрөө ямар ч аюул учруулж чадахгүй гэсэн үзэл санаанд тулгуурлаж байна. Хэрэв тус улс АНУ-ын «шүхрээс» зайлвал энэ нь Хятад, Солонгос ба бусад хэдэн улсад хатуу эсэргүүцэл төрүүлнэ. Бүрэн биеэ даах гэсэн Японы оролдлого үр дүнд хүрэх яагаа ч үгүй» гэв.

Мэдээжээр ойрын үед Япон өөрийгөө хамгаалах хүчнээ давшилтын ажиллагаа явуулах хэрэгсэл болгож хувиргана гэх учир үндэс үгүй. Гэвч Хятадын цэргийн сүр хүч зузаарч, Өмнөд Хятадын тэнгсийн үлэмж хэсэгт нөлөөлөхийг тус улс оролдож байгаа нь Японыг «ямар ч дайныг эсэргүүцэх улсын дүр төрхөө» өөрчлөхөд хүргэж мэднэ.