Алс Дорнодын бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэн хурдасгах нь оросын өнөө үеийнхний түүхэн үүрэг мөн гэж ерөнхийлөгч Владимир Путин Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Алс Дорнод, Өвөр Байгалийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааны дүнгээр мэдэгдлээ. Хуралдаанаас эдгээр бүс нутгийг хөгжүүлэх шинэ загварыг бий болгох шийдвэр гаргав. Мөн зорилтыг биелүүлэх нь « Орос улсын цэцэглэлт хөгжил, сүр хүчний чухал хүчин зүйл» гэж Путин үзэж байна.

Владимир Путин тээврийн дэд бүтэц, эрчим хүчний шаардлагатай барилга байгууламжуудыг байгуулахыг Алс Дорнодыг хөгжүүлэх нэн чухал болзол хэмээн нэрлэв. Тухайлбал Байгал Амарын төв төмөр замын 2 дахь салаа зам тавих, Сибирийг нэвт дамжсэн замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, Алс Дорнод, Өвөр Байгалийн гол гол авто замын сүлжээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхийг ерөнхийлегч уриалав.

«Цахилгаан дамжуулах нэмэлт шугам тухайлбал Байгал Амарын төмөр зам, Сибирийг нэвт дамжсан төмөр замын дагуу татаж, Дорнодын хийн хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэхийн тулд цахилгаан сүлжээний барилга байгууламжуудыг барих хэрэгтэй» гэж Путин онцлов. Үүний хамт тэрээр «хөрөнгө оруулах хөтөлбөрийн сонголтод дэнсэлж цэгнэх үүднээс хандахыг» уриалаад Алс Дорнод, Байгалийн бүс нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг 100 тэрбум рубль хүртэл нэмэгдүүлэхийг санаачлав.