Өчигдөр ЕА-д НҮБ-ын гишүүн 193 улсын 138 нь Палестинд төр улсын статус олгох тогтоолыг батлахын төлөө санал өгөв. Энэ шийдвэр тусгаар улсаа үндэслэн байгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хагас зуун жилийн турш тэмцэж ирсэн палестины ард түмний дипломат замаар хийсэн ялалт боллоо. Палестины үндэсний автономийн тэргүүн Махмуд Аббас дээрх тогтоолыг шинэ Палестин улс «төрснийг гэрчлэх баримт» хэмээн нэрлэв. Палестинд энх тайван намжимал байдал  маш их шаардагдаж байна. НҮБ-ын тогтоол шийдвэр Израильтэй найрамдах гэсэн төгсгөлийн буурьтай оролдлогод томоохон алхам болно гэж Аббас мэдэгдэв. НҮБ-д Палестины статусыг дээшлүүлэх тухай тогтоолыг батласан явдал Палестин, Израилийн хоорондын яриа хэлэлцээг сэргээхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт Орос улс найдаж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.

«Одоо үйл явдлыг оновчтой голдрилд шилжүүлэх нь чухал» гэж тэрээр онцлов. Орос улс Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуулчлаж байгаа ОХУ, АНУ, ЕХ, НҮБ-ын төлөөлөгчдийг ойрын үед ажил хэрэгч уулзалтанд урьж байна гэж Чуркин мэдээллээ. Өнөөдөр палестины ХАМАС хөдөлгөөн Палестиныг ажиглагчийн статустай төр улс болгосон НҮБ-ын ЕА-н тогтоолыг сайшаан дэмжиж, түүнийг «ялалт» хэмээн нэрлэв. Төр улсааа хүлээн зөвшөөрүүлэхээр НҮБ-д хандсан Палестин хоёр талын хэлэлцээрийг зөрчсэн гэж Израилийн тал үзэж, хариуд нь «зохих арга хэмжээ авна» гэж мэдэгдсэн байна. Бүр эхнээсээ Израильтэй хамт НҮБ-д Палестины статусыг дээшлүүлэхийг эсэргүүцсэн АНУ тогтоолыг «зөв зохистой алхам биш» гэв. Тогтоолыг батласан явдал Ойрхи Дорнодын байдлыг энх амгалан болгоход саад тотгор болно гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын элч төлөөлөгч Сьюзан Райс хэлжээ.