Сенкаку-Дяоюйдао арлуудын эргэн тойрны маргаанаас болж хоёр талын харилцаа цаашид доройтох нь аюултайг Япон, Хятадын улс төрийн элитын нэг хэсэг нь ойлгож байна. Гэвч олон нийтийн радикал, зарим үед үндэсэрхэг санал бодол Токиод ч Бээжинд ч хатуу шахалт үзүүлж байна. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар найр тавьна гэж япончууд ч хятадууд ч найдахын хамт найр тавихад бэлэн биш байна гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Японы талаас ялимгүй найр тавьж, Дяоюйдао арлуудын асуудлаар Хятадтай нутаг дэвсгэрийн маргаан үүсгэснээ хүлээвэл хэвийн яриа хэлэлцээг сэргээж болно гэж хятадын шинжээчид ярьцгааж байна. Ийнхүү найр тавихад амархан байна. Юу гэвэл 1970 онд Токио Мао Зэ Дун, Дэн Сяопин нартай хэлэлцээ хийж, маргаантай асуудал байгааг хүлээсэн юм гэж хятадын тал үзэж байна.

Хятадын хоёр зүтгэлтэн маргаантай асуудлын шийдвэрийг хойч үеийнхэнд уламжлуулах мэргэн цэцэн шийдвэр гаргасан билээ. Одоо ч ийм шийдвэр гаргаж болно гэж хятадын шинжээчид үзэж байна. Гэвч японы шинжээчид ба дипломат ажилтнууд Токио нутаг дэвсгэрийн маргаантай асуудал байгааг тухайн үед хүлээснийг үгүйсгэж байна. Одоо ч Япон хүлээн зөвшөөрч чадахгүй гэж тэд үзэж байна» гэв.

Японы тал БНХАУ-тай нутаг дэвсгэрийн асуудлаар маргалдаж байгаагаа хүлээхээс татгалзаж, найр тавих нь олон нийтийн зэвүүцэл төрүүлж, засгийн газрыг огцоруулахыг шаардахад хүргэнэ хэмээн үзэж байна. Түүнээс гадна маргаантай асуудал тулгарсныг хүлээн зөвшөөрөх нь арлуудыг буцаах тухай Хятадын шаардлагыг улам хатуу болгож мэднэ гэж японы тал болгоомжилж байна. Ийнхүү болгоомжлох нь учир үндэс байгааг Өмнөд Курилын арлуудын тойрны маргаан харуулж байна.

1980-д оны сүүлээр Горбачёв хоёр орны хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудал байгааг хүлээн зөвшөөрмөгц японы талаас байр сууриа улам хатуу болгосон. Түүнчлэн 2000 оны эхээр Путин 1956 оны зөвлөлт-японы хамтрасан тунхаглалын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, найрамдах гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр арлыг Японд өгөх «онолын боломж» байна гэсний дараагаар Токио бүх дөрвөн арлыг буцаахыг шаардав.

Хятад жишээг нь дагаж, Дяоюйдаог буцаахыг шаардаж, Токиод илүү хүчтэй шахалт үзүүлж эхлэхийг одоо японы тал ойлгож байх. Иймээс Япон БНХАУ-тай нутаг дэвсгэрийн асуудалаар маргалдаж байгаагаа хүлээх боломжийг няцааж байна. Харин япон-хятадын харилцаа доройтсоор байна.

Харилцан найр тавьж, Бээжинтэй харилцааг хэвийн болгох биш АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж, батлан хамгаалах сүр хүчээ зузаатгах замаар асуудлыг шийдвэрлэж болно гэж Токио үзэж байна. Гэвч ийм зам Японд төдийгүй дэлхий дахинд ноцтой хор уршигтай болж мэднэ гэж Андрей Иванов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«БНХАУ-ын флотыг эрчимтэй бэхжүүлж байгаагийн хариуд Тэнгисийн цэргийн флотоо бас бэхжүүлэх тухай Японд ярьцгааж эхлэв. Мөн АНУ-тай хамт Хятадаас өөрийгөө хамгаалахын тулд японы цэргийнхэнд илүү өргөн эрх олгохоор Японы Үндсэн хуулийн зарим зүйл ангийг хянан үзэх хэрэгтэй гэж бас ярьцгааж байна. Япон-америкийн цэргийн холбоог бэхжүүлэх нь Хятадад тааламжгүй явуулга болно. Гэвч Японд ч ноцтой асуудлууд тулгарч мэднэ» гэв.

Ази Номхон далайн бүс нутагт АНУ-аар толгойлуулсан Хятадын эсрэг эвслийн хүч нэмэгдэх явдал Хятадыг зэвсэгт хүчээ улам бэхжүүлэхэд тухирна гэж Иванов үзэж байна. Цэргийн зардлыг нэмэгдүүлэх нь хятадын эдийн засагт зохисгүй нөлөөлөх юм. Хятадын засгийн газраас үүний гэм бурууг Япон, АНУ хоёрын дайсагнах бодлогод ногдуулна. Энэ нь Япон, АНУ-ын эсрэг үзэл санааг гааруулах, хятадын үндэсэрхэг үзэлтнүүд ба цэргийн хүчээр асуудлыг шийдвэрлэхийг уриалж байгаа цэргийнхний байр суурийг бэхжүүлэх уршигтай болно.

Ийм үйл явц Японд ч явагдана. Хятадтай эдийн хасгийн хамтын ажиллагааг зогсоох нь японы эдийн засагт цохилт өгнө. Үүний улмаас Японд үндэсэрхэг үзэлтнүүд засгийн эрхэнд гарч, Токио цөмийн зэвсэггүй байх сайн дураараа авсан үүргээ биелүүлэхээс татгалзаж мэднэ. Ийм хэрэг явдал удахгүй болж магадгүй. Япон-хятадын харилцаа хүч хэрэглэн сөргөлдөх хүртэл даамжрах нь дэлхий дахин сөнөж мэднэ гэсэн үг. Ямар байсан ч одоо дэлхийн дэг журмыг үндэслэсэн улс хоорондын харилцааны загвар үгүй болно гэж оросын шинжээч үзэж байна.