Оросын армид тусгай анги салбар бий болж мэднэ. Олон улс оронд түүнийг «коммандос» гэдэг. Жанжин штаб болон Тагнуулын удирдах газрын хэсэг удирдагч Оросын БХ-ын сайд Сергей Шойгуд хандан ийм санаачилга дэвшүүлэв. Урьдын БХ-ын сайд Анатолий Сердюков шалтгааныг зааж тайлбарлалгүй эл төслийг одоогоос нэг сарын өмнө хэрэгсэхгүй болгосон билээ.

«Коммандос» хилийн чанадад барьцаалсан оросын иргэдийг аврах ёстой. Тэднийг орон нутгийн мөргөлдөөнд нэрвэгдсэн бүсээс нүүлгэж, дээрэмчдийн бүлгүүдийг устгах ёстой. Дайн дэгдээвэл дайсны улс төр, цэргийн удирдлага болон түүний нутаг дэвсгэрт байгаа стратегийн ач холбогдолтой барилга байгууламжуудыг устгах үүрэгтэй.

Генералууд командлалын бүтцийг боловсруулахдаа Франц, Их Британи, Герман улсуудын туршлагыг үндэслэхийг санал болгов. Харин тактикын анги салбарыг байгуулах үеэр АНУ-ын туршлагыг харгалзахыг санаачилжээ. «Сенеж» тусгай зориулалтат отряд зорилтын гол биелүүлэгч болно гэж төслийн зохиогчид үзэж байна. Одоо тэр БХ-ын сайдад шууд захирагдаж байна. Цэргийн нэгэн тойрог болон ачаа тээврийн нисэх онгоцны тусгай зориулалтат бригад ажиллагааг буудлагаар дэмжиж, туслах үүрэг гүйцэтгэж мэднэ.

Оросын генералуудын санаачилга нэлээд ашиг тустай болно гэж террорын эсрэг «Альфа» анги салбарын ахмадуудын Олон улсын холбооны ерөнхийлөгч Сергей Гончаров үзэж байна.

«Энэ санал командлалыг байгуулах, тусгай анги салбаруудыг нэгтгэх үндэс суурь тавьж байна. Жишээ нь Холбооны аюулгүй байдлын албаны байгулсан тусгай анги салбар терроризмтэй амжилттай тэмцэж байна. Энэ санал орон нутгийн дайнд ажиллагаа явуулах хүчирхэг анги нэгтгэл байгуулахад тус дөхөм үзүүлнэ» гэж Гончаров хэллээ.

«Сенеж», «Альфа», «Вымпел» зэрэг тусгай зориулалтат отряд одоо Орос улсад байгаа. Эдгээр отряд орон нутгийн дайны үеэр зорилтоо биелүүлж чадна. Тэдгээрийг илүү их эрх мэдэлтэй болгохоос гадна өөр асуудлыг бас шийдвэрлэх хэрэгтэй гэж Сергей Гончаров хэлээд

«Орон нутгийн дайнд сайн зэвсэглэсэн олон арван мянган мэргэшилтэй цэрэг шаардагдана. Харин «Альфа», «Вымпел» отрядуудын цэргийн тоо үүнээс хэд дахин бага байна. Иймээс «Альфа» орон нутгийн дайны үеэр байлдан дайтаж, улс орныхоо бүх зорилтыг биелүүлнэ гэж бодох нь эндүүрэл юм. Дээрх санаачилгын зорилго өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах тусгай анги салбар байгуулахад оршино» гэв.

Тусгай үйл ажиллагааны командлал ба тусгай анги салбаруудыг байгуулах зорилт бүр 5 жилийн өмнө тавигдсан гэж БХЯ-ны эх сурвалжаас мэдээлэв. Одоо энэ төслийг сэргээж байна. Юуны түрүүнд оросын иргэдийг халуун цэгт аврахаар байгуулж байна гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлээд

«Эдүгээ юуны түрүүнд Ойрхи, Дундад Дорнодын байдлыг урьдчилан таамаглахад хэцүү. Мөргөлдөөн сунжрах болзошгүй. Маш олон хүн хэлмэгдэж байна. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа этгээдүүд ямар ч ажиллагаа явуулахаас буцахгүй байна. Онц арга хэмжээ авахгүй бол оросын иргэд амь үрэгдэж мэднэ. Албан ёсны замаар тэднийг гаргах аргагүй. Энэ агуулгаар «коммандос» анги салбарыг байгуулах санаачилга учир үндэстэй байна» гэв.

Тусгай ажиллагааны командлал байгуулагдвал ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч, ерөнхийлөгч Владимир Путинд шууд захирагдах ёстой гэж шинжээчид үзэж байна.