Ойрын үед Москва хотын төвд байдаг автобусын зогсоолууд нь сансрын хөлгийн зарим хэсэгтэй төсөөтэй байх юм. Оросын хэвлэлүүдэд үүнийг “Ирээдүйн зогсоолууд ”гэж нэрлээд байна. Тэдгээр нь хуруугаа хүргэхэд өөрчлөгдөх интерактивийн дэлгэцтэй бөгөөд тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний цагийн хуваарь болон зар сурталчилгааны самбаруудаар тоноглогдсон байна.

Ердийн автобусын зогсоол дээр суух зуураа та утасгүй интернет ашиглаж, гар утсаа цэнэглэх боломжтой болно гээд төсөөлдөө. Хуруугаа дэлгэцэн дээр хүргэж, өөрийн байгаа газрын тухай болон хотын замын хөдөлгөөний тухай болоод ойр хавийн түүхэн дурсгалт газруудын тухай мэдээллүүд нь танд төдийгүй жуулчдад тун чухал.

Хэдхэн секундын дотор та өөрийн сонирхож байгаа автобус юм уу троллейбусны цагийн хуваарийг мэдэж болохоос гадна тээврийн хэрэгсэлүүдийн чиглэлүүдийн тухай мэдэж болно. Москвагийн иргэд болон энд ирсэн зочид гийчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зогсоол бүр нь дүрс бичлэгийн нууц камер, түгшүүрийн дохионы товчоор тоноглогдсон байх юм.

“Ирээдүйн зогсоолууд”-ын төслүүдийг боловсруулж дуусаад байна. Москва хотноо туршилтын анхны зогсоолууд нь энэ оны сүүлчээр бий болно. Энэхүү төслийн туршилт хэдэн сар үргэлжлэх юм. Хэрвээ москвагийнхан орчин үеийн энэхүү зогсоолыг зохих журмаар үнэлэвэл тээврийн шинэлэг зогсоолуудыг хот даяар байгуулах юм. 2020 он гэхэд Москва хотын автобусын бүх буудлуудыг шинэчлэн барих юм.

“Ирээдүйн зогсоолууд” нь нилээд өртөг өндөртэй бүтэж байна. Зөвхөн нэг интерактив дэлгэц гэхэд л дунджаар 8 мянган долларын өртөгтэй. Тиймээс Москвагийн ЗГ уг төслийг санхүүжүүлэхэд зогсоолын самбар дээр зар сурталчилгаа нь гарах хувийн компаниудыг татан оролцуулахыг зорьж байна.

Ийм төрлийн “ухаантай зогсоолуудын “ эхний төсөл Сибирийн Эрхүү хотод бий болоод байна. Өнгөрсөн зун тэнд байгуулсан орчин үеийн зогсоол дээр хүмүүс автобус хүлээж байх зуураа утасгүй интернетэд холбогдож, цаг уурын болон тээврийн хэрэгсэлүүдийн тухай мэдээллүүдийг авах боломжтой юм.

Москва хот сибирийнхны энэхүү эхлэлийг үргэлжүүлэн уг төсөлд ул суурьтай хандаж эхэлсэн. “Ирээдүйн зогсоолууд” нь зөвхөн хотын хүн амд төдийгүй, зочид гийчдэд таалагдах ёстой юм. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосны ачаар хотод ирсэн гийчид хотоор хөдлөн явах өөрийн чиглэлийг боловсруулах боломжтой юм.

Харин хотын оршин суугчдын хувьд гэвэл, буудал дээр унаа хүлээх нь уйтгаргүй болох нь. Учир нь зарим үед москвагийн иргэдэд автобус юм уу, троллейбус иртэл 20-30 минут хүртэл хүлээх тохиолдол гардаг. Шинэ зогсоолтой болсны дараа хүлээх хоромууд нь учралын хоромууд болж хувирах нь байна.