АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2014 онд НАТО-гийн нэгдсэн хүчнийг гаргаснаас хойш америкийн хичнээн олон цэрэг Афганистанд үлдэх асуудлаар одоогоор шийдвэр гаргаагүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр засаг захиргаа америкийн цэргийг Афганистанд үлдээх тухай Пентагоны саналыг авч үзэж байна. Мөн саналыг Афганистаны засгийн газартай хэлэлцэх юм. АНУ 2014 оноос хойш Афганистанд 30 мянга орчим цэргээ үлдээнэ гэж мэдэгдснээ хожим 10 мянган цэрэг үлдэхийг дурдав.

АНУ болон түүний холбоотнуудын цэргийг 2014 оны эцэс гэхэд Афганистанаас гаргах ёстой. Барак Обамагийн засаг захиргаа энэ тухай удаа дараа мэдэгдсэн билээ. Үүний хамт «Ялагдашгүй эрх чөлөө» ажиллагаа дууссны дараа ч америкийн тодорхой тооны цэрэг Афнганистанд үлдэх нь нууц хэрэг биш байсан.Гэвч хичнээн олон цэрэг үлдэхийг нууцласан билээ.

Удахгүй эл асуудалд хариулна гэж Пентагоны толгойлогч Леон Панетта 11-р сарын дундуур амласан билээ. Тэрээр амласнаа биелүүлэв.2014 оноос хойш Афганистанд АНУ-ын 10 мянган цэрэг үлдэх тухай америкийн командлал мэдээлэв. Энэ нь нэлээд бага тоо хэмжээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Улс төрийн судлалын төвийн шинжээч Вадим Козюлин байдлыг тайлбарлан хэлэхдээ

«30 мянган цэрэг үлдэнэ гэж урьд мэдээлсэн билээ. Байр сууриа хэвээр нь хадгалахад төчнөөн цэрэг шаардагдана хэмээн шинжээчид үзсэн. 10 мянган цэрэг хэтэрхий цөөн байна. Эдүгээ АНУ-д санхүүгийн түвэг бэрхшээл тулгарсан явдал үүнд нөлөөлж байгаа бололтой. Цэргийн төсвийг эрс багасгав. Ирэх онд цэргийн төсвийг бараг 30 хувиар хорогдуулахаар төлөвлөжээ. Ийм цөөн цэрэг үлдэх нь үүнтэй холбоотой байх» гэлээ.

Афганистанд үлдэх америкийн цэрэг хэдэн зорилтыг биелүүлнэ. Тухайлбал тэд орон нутгийн хүчний байгууллагын мэргэжилтнүүдийг сургана. Үүнээс гадна америкийн цэргийнхэн Афганистаны нутаг дэвсгэрт одоо ч идэвхтэй ашиглаж байгаа нисэгчгүй нисдэг аппаратуудыг үйлчлэж чиглүүлнэ. Тусгай зориулалтат ажиллагаа энд АНУ-ын цэргийн бас нэгэн зорилт болно. Америкийн цэрэг Афганистантай шууд холбоогуй өөр зорилтуудыг ч биелүүлнэ гэж Ром дахь НАТО-гийн коллежийн судлагч Олег Кулаков хэлээд

«АНУ-ын цэрэг Афганистанд байрласнаас хойш Иран, Пакистаны нутаг дэвсгэрт мониторинг хийх зорилттой байсан нь нууц хэрэг биш. Мэдээжээр Төв Азид нөлөө үзүүлэхийг хичээсэн. Найдвараа цаашид биелүүлэх хүсэлтэй байх шиг байна» гэв.

Өнгөрсэн хавар АНУ, Афганистаны ерөнхийлөгчид урт хугацааны Стратегийн хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав. Энэ баримт бичигт заасан ёсоор АНУ 2014 оноос хойш ч Афганистаны нутаг дэвсгэрт цэргийн хэдэн баазыг ашиглана. Үүний хариуд афганистаны хүчний тусгай газрууд ба энгийн хэдэн төслийг санхүүжүүлнэ гэж Вашингтон амлав. Түүнээс гадна эдүгээ талууд аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч Хамид Карзай америкийн цэрэг афганистаны засагт шийтгэгдэх явдлыг баримт бичигт гарын үсэг зурах нэгэн болзолын хувьд тавьжээ. Мөн болзол америкийн талд таарахгүй байх. 2014 оноос хойш хичнээн олон цэргээ Афганистанд үлдээх тухай Вашингтон зарлан мэдээлсэн нь шаардлагаа зөөлрүүлэхийг афганистаны талд дохиолсон үйл хэрэг болсон байх.