Москва дахь Монгол улсын Элчин сайдын яаманд Монгол улс тунхагласны өдрийг ёслон тэмдэглэв. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан монголын залуу зураач Бадамын Отгонтүвдэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болсон юм.

Б. Отгонтүвдэнг монголын төдийгүй оросын зураач гэж нэрлэж болно. Монгол улсын Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж байгаад, тэр Воронеж хотын уран зургийн дээд сургуульд суралцаж байв. Тэнд дөрвөн жил суралцасны дараа түүний Санкт –Петербургийн Репины нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын академид суралцах гэгээн хүсэл нь биелжээ.

Отгонтүвдэн энэ жил тус сургуулийн суурин уран зургийн ангийг дүүргэсэн 28 настай. Тэрбээр Воронеж, Санкт-Петербург болон Улаанбаатар хотуудад бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Энэ удаа Москвад түүний уран бүтээлийн үзэсгэлэн ийн гарч байна.

Отгонтүвдэн анх удаа Орос улсад суралцахаар ирэхдээ орос хэл огт мэддэггүй байжээ. Харин одоо тэр оросоор гайхалтай сайн ярьдаг төдийгүй, орос хэл дээр ярилцлага өгч байна: "Би айлын долоон хүүхдийн отгон хүүхэд. Би дээрээ 4 ах, 2 эгчтэй. Би 12 настайгаасаа зурж эхэлсэн. Миний энэ авъяас миний ээжийн аав, өвөөгөөс маань надад шилжсэн гэдэг. Миний өвөө лам хүн байсан, тэр монгол зургийг их сонирходог хүн байсан. Би оросд суралцахыг их хүсдэг байсан. Ялангуяа, Репины академи бол уран бүтээлчдийн хүслэн. Би тэдний нэгэн адил хүсдэг байлаа. Чухамдаа Репины академид л уран зургийн сайн сургуультай гэж тооцогддог. Одоо үед реалист уран зургийг төдийлөн сонирходоггүй болсон ч, чухамдаа энд Америк, Европ болон бусад олон орнуудаас суралцах гэж ирдэг. Надад Репин, Серовын цаг үе их ойр байдаг. Энэ бол уран зургийн алтан үе байсан, тэдний бүтээлүүд бидэнд онгод өгдөг".

Отгонтүвдэн төрөл бүрийн жанраар зурдаг бөгөөд хөрөг зургууд зурах дуртай. Тэр уран бүтээлийн дийлэнхи олныг монголын тухай сэдвүүдэд зориулжээ. Баатруудын тулалдаан, Чингисхааны үеийн эмэгтэйчүүд, хүүхдүүд ... Орос улсад суралцах жилүүдэд тэр орос хүмүүс, орчин үеийн хүмүүсийг дүрслэн харуулах болжээ. Гэхдээ түүний ярьснаар, тэр хүүхэд багачуудыг зурах дуртай. Энэ тухай оросын “Монголын анд нөхдийн холбооны” тэргүүн, сансрын нисгэгч Виктор Горбатко ингэж ярьж байна: "Өнөөдөр бид бүгдийн хувьд их баяртай үйл явдал болж байна. Бид жинхэнэ утгаараа өндөр урлаг гэдгийг үзэх завшаан тохиогоод байна. Намайг гайхшруулж байгаа зүйл гэвэл, энэ цэл залуу зураачийн өнгө будаг хосолсон хосгүй бүтээлүүд. Нөгөө тэйгүүр, тэр үүнийг ямар хөнгөн, хялбар бүтээсэн нь мэдрэгдэж байна. Эдгээр бүтээлүүд ер бусын сайхан сэтгэгдэл төрүүлдж байна. Бид их том авъяастай танилцлаа" гэж бодож байна.

Отгонтүвдэн нь Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж байхдаа арьсан хувцасны мастераар суралцаж байсан. Тэгвэл Элчин сайдын яаман дээр болсон үзэсгэлэнгийн нээлт дээр бүжиг хийж оролцсон монгол оюутны өмссөн савхин үндэсний хувцсыг Отгонтүвдэн урласан аж.

Зургуудын хувьд гэвэл, тэдгээр нь москвагийн галерейн эздийн анхаарлыг татаж байна. Отгонтүвдэнг төгсөхөд Репины академиас түүнд тус сургуулийн дэргэд урлангаа ажлуулах санал тавьжээ. Залуу зураачид бодож санаж байгаа зүйл олон бий, тэдгээрийн дотор Эзэн хаан Чингисийн хөрөг. Үүний тулд түүхийн олон эх сурвалжуудыг уншиж судлах хэрэгтэй гэж тэр ярьсан юм. Таны бодож санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болтугай!