Палестины Газын зурвас болон Израиль улсын өмнөд хэсэг аажмаар хэвийн амьдралдаа эргэн орж байна. Мөргөлдөөнд оролцсон талууд дүнгээ гаргаж байна. Израилийн батлан хамгаалах арми 11-р сарын 21-нд Газын зурваст цохилт өгөхөө зогсоох тушаал авсан байна. Палестины дайнчдын бүлэглэлийн ганц нэг пуужингийн цохилтод хариу өгөхөө зогсоосон байна. “Нам жимийн хариуд нам жим” гэсэн зарчим дээр үндэслэсэн эвлэрэл ийнхүү тогтжээ. Тэгэхдээ энэ нь Ойрхи Дорнодод тайван байдлыг бий болгосонгүй. Гал зогсоох тухай хэлэлцээрийг палестины дайнч бүлэглэлийнхэн эхлэн эвдлээ.

11-р сарын 22-ны шөнө гэхэд л Газын зурвасаас израилийн нутаг руу 3 пуужин харвасан бөгөөд өөр 2-ыг ПДХ систем агаарт устгасан байна гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн бол өөр нэг мэдээгээр Израилийн нутаг руу 12 пуужин харвасан байна.Харин Израиль улс хариу үйлдэл хийгээгүй байна. Энэ явдал израильчуудыг айж эмээхэд хүргэлээ. Одоогийн байдлаар олон сургууль хаалттай байна. Хуурай замын байлдаанд зориулж Газын зурвасын хил дагуу байрлуулсан цэргүүд өөрийн байрлалдаа үлдсэн байна.

Палестины дайнчдыг хашраах гэж гаргасан төрийн засгийн шийдвэрийн хариуд Газын зурвасаас пуужингийн мөндөр буулгасанд израильчууд сэтгэл дундуур байна. Тэд өөрсдийнхөө сул талыг мэдэрлээ. Цэргийн ажиллагаа тавьсан зорилгодоо хүрсэн гэж Израилийн албан ёсны удирдлага мэдэгдээд байгаа нь үнэн юм. Мэдээж хэрэг дайнчдын пуужингийн нөөц эрс багассан, ХАМАС болон “Лалын жихад” зэрэг зэвсэгт бүлэглэлийн байдал суларсан юм.

Гэхдээ энэ нь дайнд ялалт байгуулсан гэж ярих шалтаг болох ёсгүй гэж Стратегийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко үзэж байна: "Энэ дайн бол “Ликуд”, Нетаньяху болон Израиль улсын сонгуулийн өмнөх дайн юм. Израилийн консерваторуудын “Ликуд” нам хүн амаа хамгаалах болон Израиль улсын байр суурийг хатуу тууштай хамгаална гэдгээ харууллаа. Харин энэ дайны ялагчаар “Ликуд” намыг нэрлэж болох байх. Ялагч гэдэг нь дайн байлдааны утгаараа биш ёс суртахууны өөрөөр хэлвэл өөрийн үзэл сурталаа дэлгэрүүлж, сонгуулийн өмнөх байр сууриа бэхжүүлэсэн утгаар нь хэлж байгаа юм" гэж тэр ярилаа.

Харин ХАМАС хөдөлгөөний Төв хорооны тэргүүн Халед Машааль энэ дайнд ХАМАС хөдлөгөөн ялсан гэж мэдэгдсэн байна. Долоо хоногийн дайн дууссаныг хэдэн арван мянган палестинчууд жагсаал цуглаан хийж тэмдэглэлээ. Энэ дайн 162 палестинчууд тэр дундаа 42 хүүхдийн амь насыг авч одлоо. 1200 хүн шархадсан байна. Гэхдээ энэ золиосыг палестинчуудын ялалтын үнэ цэнэ гэж үзэж болохгүй юм.

Үнэ цэнэ гэж байх ч үгүй, байх ч ёсгүй гэж ОУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов үзэж байна: "Сөргөлдөөний бүх хугацааны туршид палестины зэвсэгт бүлэглэлүүд анх удаагаа өөрийнхөө пуужингуудаар Тель-Авив, Иерусалим хотуудыг харваж чадлаа. Израиль улсыг 1500 пуужингаар харвасан байна. Палестины бүлэглэлүүд өөрсдийн цэргийн нөөцийг нилээд нэмэгдүүлсэн гэж хэлж болно. Харин палестинчууд ялсан гэж ярих хэрэг байхгүй. Сөргөлдөөн ничээгээр л дууссан байх. Шинэ сөргөлдөөн нь палестины асуудлын шийдвэрийг л үгүй болгоно. Үүнийг шийдвэрлэхгүй бол ирээдүйд сөргөлдөөн улам хурцдах болно" гэж тэр ярилаа.

Хан-Юнис дүүргийн хилийн зурвасаас холгүй мөргөл үйлдхээр цугларсан Газын зурвасын оршин суугчдыг израилийн хилийнхэн баасан гаригт амтомат буугаар буудсан байна. Хилийн торон хашаанд маш ойртон ХАМАС-ын тугыг байрлуулах гэсэн нэгэн залуу буудуулж амь насаа алдсан байна. Үүний хариуд ХАМАС эвлэрэлийг зөрчсөн гэж Израиль улсыг буруутгасан байна. ХАМАС хөдөлгөөнийхөн ямарч дайсагнасан ажиллагааг зогсоох баталгааг өгч чадах уу? Би үүнд итгэж чадахгүй байна гэж шинжээч Сергей Демиденко ярьж байна: "ХАМАС-ын хяналтад байдаггүй палестины олон бүлэглэлүүд байдаг юм. Палестины хэт даврагчид гэдэг бол зөвхөн ХАМАС биш юм. Газын зурвас хагарч бутарсан тийм учраас бүгдтэй нь эвлэрэлийн гэрээ байгуулна гэж байхгүй. Ийм нөхцөл байдалд ямарч эвлэрэлийн тухай ярих боломж байхгүй" гэж тэр хэлээ.

Харин Ойрхи Дорнодын хүрээлэнгийн шинжээч Сергей Серегичев ХАМАС-ын нэр хүнд хүчтэй байгаа гэж үзэж байна: "ХАМАС хөдөлгөөнийхэн эвлэрэлийн нөхцлийг хангаж чадна. Энэ бол Газын зурвасын хамгийн хүчтэй бүлэглэл юм. Хэрвээ ХАМАС-ыг устгавал тэднийг ч мөн устгана гэдгийг бусад бүлэглэлүүд сайн ойлгож байгаа" гэж тэр ярилаа.

Ойрхи Дорнодын олон улсын зуучдын “дөрвөлийг” яаралтай хуралдуулахыг ОУ санаачилаа. Газын зурвасын хямралыг зохицуулсны дараа шууд АНУ, ОУ, НҮБ, ЕХ-ны сайд нарын түвшингийн уулзалт хийнэ гэдэгт найдаж байна гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлсэн байна Мөн энэ уулзалтад АОЛ байгууллагыг оролцуулах хэрэгтэй гэж тэр нэмж хэлсэн байна. Саяхан тогтоогоод байгаа эвлэрэлийн гол цогцлоогч нь гэж үзэж байгаа Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар өөрсдийн зүгээс оросын энэ санаачлагыг хурдан хэрэгжүүлэхэд тус дэм болж болох юм.