Төрийн түшмэдийн орлого, зардал нийцэх тухай хууль хахуульдахыг ашиггүй тэр ч байтугай аюултай болгож байна. 11-р сарын 23-нд Улсын дум ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилсан хуулийг батлав.

Шинэ жилээс төрийн бүх хэмжээний албан хаагчид орлого төдийгүй зардлаа тайлагнах ёстой гэж Улсын думын аюулгүй байдал ба авилгалтай тэмцэх асуудал эрхлэсэн хорооны дарга Ирина Яровая хэлээд: «Нэлээд олон хүн тайлагнах ёстой. Эдгээр нь депутат, төрийн ба орон нутгийн засаг захиргааны бүх хэмжээний албан хаагчид, хууль сахиулах, шүүх систем, Төв банк, Тэтгэврийн сан, төрийн корпорацуудын төлөөлөгчид юм. Өөрөөр хэлвэл ОХУ даяар олон албан тушаал хяналтад хамрагдана» гэв.

Төрийн албан хаагчийн гэр бүл өөрөөр хэлвэл гэргий, насанд хүрсэн хүүхдүүдийн сүүлийн гурван жилийн нийт орлогыг бүртгэнэ.Ямар учраас гурван жилийн хугацааг авсан гэвэл том эд хогшил авахаар мөнгө хөрөнгө цуглуулж нөөцлөх хэрэгтэй. Түшмэл аль хэдийнэ цуглуулж нөөцлөсэн хөрөнгөөрөө тэнгисийн хаяанд зусланг худалдан авсан гэвэл орлого, зардал нь нийцэхэд хяналт тавих тусгай комисс сүүлийн гурван жилийн бичиг тодорхойлты нь шалгаж үзнэ.

Хахуулдагчийг нэлээд хатуу шийтгэнэ гэж Ирина Яровая тэмдэглэн хэлээд «Хуурамч мэдээлэл олгосон түшмэлийг наанадаж ажлаас нь хална. Хахуульдсан этгээдийг захиргаа-эрүүгийн хариуцлагад татах юм. Хууль бус замаар авсан нь нотлогдвол эд хогшилы нь хууль ёсоор улсад хураана» гэв.

«Түшмэдийн орлого, зардал нийцэхэд хяналт тавих тухай» хуулийн төслийг батласнаар ОХУ-ын Эрүүгийн ба Татварын хууль, Иргэний ба Хөдөлмөрийн хууль болон холбооны өөр хэдэн хуульд зохих засвар нэг зэрэг оруулна. Энэ нь авилгалтай хийх тэмцэл хуулийн үндэс суурьтай болно гэсэн үг. Одоо нийгэмд чухал нормативын баримт бичгийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Төр засгийн байгууллагад авилгалтай тэмцэх төвийн олон нийтийн байгууллагын удирдагч Виктор Костромин хэлээд: «Авилгал нийгмийн байдлыг түгшүүртэй болгож байна. Харьцангуй бага цалинтай хүн Билл Гейтс шиг тансаг амьдарч байгааг хүмүүс ажигладаг. Мэдээжээр үүнтэй холбогдон ноцтой асуудлууд гарч байна. Хянан шалгах байгууллагуудын тус хуулийг гүйцэтгэх механизмыг тов тодорхой болговол хууль улс төрийн хүсэл эрмэлзэлээс үл шалтгаалан ажиллах юм. Систем хүний оролцоогүйгээр цахим хэрэгсэл мэт ажиллах ёстой» гэв.

Хууль ерөнхийлөгчийн тамгын газраас санал болгосноос илүү хатуу болсон гэж шинжээчид тэмдэглэв. Тухайлбал захирагдсан ажилтны нь хууль бус ажиллагааны тухай мэдээллийг нууж далдлахыг дарга нь оролдохоос сэрэмжлэхийн тулд өргөдөл, гомдолын хуулбарыг хянан шалган байгууллагад явуулах ёстой. Түшмэлийг болзолт хугацаагаар хоригдох боломжгүй болгож шоронд хорих юм.

Ерөнхийлөгчийн сайшаасны дараа хүчин төгөлдөр болох хууль 2012 онд худалдан авсан эд хогшлыг хамрах нь чухал юм. Үнэн шудрага хүнд айж эмээх учир үгүй. Харин үл мөрөө арилгаж баллахыг оролдсон этгээд тэгж амжихгүй гэж хууль тогтоогчид үзэж байна.

0ОУ-ыг сүүлийн үед донслогсон авилгалын томоохон хэрүүл шуугианаас болж өндөр албан тушаалын түшмэдүүд албан тушаалаасаа огцорсон ийм байдалд хуулийг баталлаа. БХЯ-ны хяналтад байсан “Оборонсервис” компанийн удирдлагуудын их хэмжээгээр идэж уусан явдал батлан хамгаалахын сайдыг суудлаас нь салгалаа. АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд зориулсан мөнгийг хайр гамгүй үрэн таран хийсэн тул бүс нутгийн хөгжлийн яамны орлогч сайд баривчлагдлаа. ГЛОНАСС төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг шамшигдуулсан тул ерөнхий зохион бүтээгчий нь ажлаас нь халлаа. Авилгалын эсрэг баривчилгаа тус улсын олон бүс нутагт явагдлаа. Төрийн албаны түшмэдүүдийн орлого, зарлагыг тооцох тухай хууль нь оросын эдийн засагт асар их хохирол учруулж байгаа авилгалтай хийх бодит тэмцэлд үр ашигтай хэрэгсэл болно.