Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн гаргасан шинэ тунхагыг эсэргүүцэж бүх үндэстний ажил хаялт зарлахыг египетийн шүүгчид иргэддээ уриаллаа. Шүүгчдийн холбооны яаралтай хуралдаанаас ийм шийдвэр гаргасан байна. Египет улсын Шүүхийн дээд зөвлөл төрийн тэргүүнийг улс орны шүүхийн системд “урьд хожид үзэгдээгүй халдлага үйлдлээ” гэж буруутгасан байна. Шинэ парламент ажиллаж эхлээгүй, шинэ үндсэн хууль бий болоогүй байгаа цагт ерөнхийлөгчийн зарлигийг шүүхчид өөрчлөхийг Мурси хориглосон байна. Улс орны шинэ үндсэн хуулийг зохиох ажил хийж байгаа үндсэн хуулийн ассамблейг тараах эрх шүүгчидэд байхгүй гэж ерөнхийлөгчийн тунхагтаа заасан байна. Үүнээс гадна Мурсийн зарлиг 2011 оны эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцож амь насаа алдсан хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүсийг дахин шүүх боломжийг нээж өгч байгаа юм. Мурси өөрийнхөө Үндсэн хуулийн тунхаглалыг өөрчлөх хүртэл бүх шатны шүүхийн ажлыг зогсоох шийдвэрийг Шүүгчдийн дээд коллегийнхон урьд нь гаргасан юм. Мягмар гаригаас бүх шатны шүүхийн шүүгчид албан ёсны хугацаагүй ажил хаялт зарлах юм. Энэ шинэ зарлиг тус улсад эсэргүүцлийн хүчтэй хөдөлгөөнийг үүсгэсэн ба тэд эрх баригч намын байр руу дайрсан байна. Шүүхийн дээд зөвлөлийн хуралдаан болж байсан байшингийн ойролцоо жагссан олон хүнийг тараахын тулд цагдаагийнхан болон тусгайгынхан бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Мурси “өөрийгөө Египетийн шинэ фараоноор өргөмжиллөө” гэж Нобелийн энх тайвны шагналт Мохаммед Эль-Барадей өөрийнхөө Твиттер дэх микроблогтоо бичсэн байна. Египетийн сөрөг хүчний тэргүүн гэж тооцогддог Эль-Барадей эсэргүүцлийн энхийн аргаар тэмцэхийг өөрийн талынхандаа уриалсан гэж Би-Би-Си мэдээлсэн байна.